Амманд өнөөдөр Монголын 4 боксчин медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-08 13:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы Амман хотноо үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 6 дахь өдөр /2020.03.08/ хүрэл медалийн төлөө Монголын 2 эмэгтэй, 2 эрэгтэй боксчин рингэд гарч тулалдана.


Тодруулбал, өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал БНХАУ-ын тамирчин Ли Куиантай, У.Шинэцэцэг 69 кг-д Тайванийн тамирчин Чэн Нен-Чинтэй, эрэгтэйчүүдийн 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Филиппиний боксчин Марциал Сумиртэй,  +91 кг-д Д.Отгонбаяр Энэтхэгийн тамирчин Сатиш Кумертэй тус тус учраа таарчээ.

Баасан гарагт /03.06/ эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Мишээлт Казахстаны тамирчин А.Зхуссупов 5:0-ээр ялагдсан бол өчигдөр /03.07/ Э.Цэндбаатар 57 кг-д БНСУ-ын боксчин Хам Сангмиёнгд 4:1 онооны харьцаатай ялагдсан байна. Мөн 52 кг-д Х.Энхмандах Энэтхэгийн тамирчин Амитад 3:2-оор, эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, Японы тамирчин Намик Цукимид 5:0-ээр тус тус хожигдож тэмцээнээ дуусгажээ.


Маргааш буюу гуравдугаар сарын 9-нд хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдах бол эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүчээ сорино. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Б.Симранжиттай хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.


Ийнхүү “Токио-2020” олимпын эрх олгох эхний тэмцээнд Монголоос эрэгтэй 8, эмэгтэй 5 нийт 13 тамирчин хүчээ сорьсноос өнөөдрийн байдлаар 4 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчин медалийн төлөө тоглохоор тунаад байна.  

Холбоотой мэдээ