Шинэ газарт сайн унтаж чаддаггүйг судалгаагаар тайлбарлажээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2016-04-27 17:06:50

ВАШИНГТОН. /VOA/. Урьд өмнө нь очиж байгаагүй шинэхэн газар сайн унтаж чаддаггүй талаар та гайхаж байсан уу? Тэгвэл энэ үзэгдлийг шинэ судалгаагаар тайлбарласан байна.

Унтаж байхад хүний нэг тархи нөгөөдөхөөсөө илүү сэргэг байдаг нь ямар нэг асуудал гарахад хүнийг бэлэн байдалд байлгах зорилготой байдаг гэж Браун их сургуулийн эрдэмтэд судалгаандаа тайлбарлажээ.

“Анхны шөнийн нөлөөлөл” гэх үзэгдэл нь ялангуяа байнга аялдаг хүмүүст тохиолддог асуудал юм. Энэ нь нойрыг судалдаг эрдэмтдийн хувь мөн л асуудал юм. Учир нь туршилтад оролцож байгаа хүмүүс лабораторид хонож байгаа анхны шөнөдөө сайн унтаж чаддаггүй байна.

"Япон иргэдийн ярьж байгаагаар дэрээ соливол унтаж чаддаггүй. Шинэ газар бид сайн унтаж чаддаггүйг хүн бүр л мэднэ” гэж судалгааг бичсэн Браун их сургуулийн  профессор Юка Сасаки хэлэв.

Судалгааны дүнг гаргахаас өмнө эрдэмтэд долоо хоногийн зайтай хоёр шөнийн унтах явцад тархины үйл ажиллагааг хянах гурван туршилтыг хийсэн байна. Судалгаанд 35 хүн оролцсон бөгөөд эхний шөнө хийсэн судалгаагаар субъектийн зүүн тархи баруунаасаа илүү идэвхтэй ажиллаж байсныг тогтоосон байна.

Субъектийн баруун чихэнд жигд бус дуут дохиог сонсгоход түүний зүүн тархи өдөөгдөж, илүү амархан сэрж байсан байна. Ингэснээр хүн гүн нойронд орох шатанд зүүн тархин дахь сүлжээ нь баруун тархинаас илүү идэвхтэй байсныг тогтоожээ.

Харин нойрны бусад шатанд хоёр тархины үйл ажиллагаа ялгаагүй байсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ