Завханы ЭМГ-аас харьяа байгууллагууддаа онлайн сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-11 22:27:41

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн энэ үед иргэд, олон нийт айж сандралгүй, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж өвчлөлөөс урьдчилан сэргийлж гэр гэртээ байхыг Завхан аймгийн ЭМГ-аас зөвлөж байна.

Хот хооронд болон сум хоорондын авто тээврийн хөдөлгөөнд хөл хорио тогтоосон энэ үед иргэдийг аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг биелүүлэхийг уриалав. Мөн доорх энгийн таван аргыг иргэн бүр амьдралын дадал хэвшил болгож дархлаагаа дэмжвэл коронавирусний халдвар авах магадлал бага байна гэлээ.

Юуны өмнө хүн бүр дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байх, халуун шөл, шингэн зүйл их хэмжээгээр ууж, жимс ногоо түлхүү хэрэглэх. Дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, бага стрессдэх, гэр сууц, ажлын байрандаа ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх.

Харин зайлшгүй гадуур гарах тохиолдолд амны хаалтаа зүүж, гараа 30 секундийн турш бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар сайтар угааж, гар ариутгагч бодисыг байнга биедээ авч явж, олон нийтийн газраар үйлчлүүлсэн, цахилгаан шатны товчлуур дарсан даруйдаа гараа ариутгаж хэвшихийг сануулж байна.

Хүн ихээр цугларсан газарт очихгүй байх. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх, гараа сайтар савандаж угааж, халдваргүйжүүлэх хэрэгтэйг дахин сануулъя. Дэлхий нийтийг цочроож буй вирусийн эсрэг таны хийж чадах зүйл энэ. Дор бүрнээ эрүүл мэндийг сахин хамгаалъя хэмээв.

Ташрамд аймгийн ЭМГ-аас цахим хуудсаар болон байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг тасралтгүй хүргэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараас сэргийлэх ЭМГ-ын сургалтын багаас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад "Хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, тайлах" сургалтынхаа дадлага ажилд үнэлгээ өгөх, үр дүнг тооцох, зөвлөн туслах зорилготой онлайн сургалтыг хуваарийн дагуу хийж байна. Одоогоор таван байгууллага тус сургалтад хамрагдаад байна.


Холбоотой мэдээ