БНСУ, АНУ хоёр сансрын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-28 15:46:40

СӨҮЛ. /Stripes/. БНСУ нь АНУ-тай сансрын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Азийн анхны улс болжээ.  Гэрээг лхагва гарагт байгуулсан байна.

Уг гэрээ нь хоёр орны хувьд эх дэлхийгээ судлах талаар хамтран ажиллах, Олон улсын сансрын станцыг ашиглах, Ангараг гарагийг цаашид хамтран судлахад шинэ боломжийг нээж өгч байна гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Өмнөд Солонгосын сансрын технологийн аж үйлдвэр болон сансрын хөтөлбөрийг сэргээнэ гэж Ерөнхийлөгч Пак Гын Хэ амласан бөгөөд түүний амлалтад Сар руу хөлөг хөөргөх төсөл багтсан юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд БНСУ гаднаас тусламж хайж байгаа билээ.

АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Марк Липпертийн мэдэгдсэнээр, Өмнөд Солонгос ийм гэрээ байгуулсан Азийн анхны орон болсон байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яаманд болсон гарын үсэг зурах ёслолын үеэр Липперт хэлэхдээ "энэ гэрээ нь хоёр улсын харилцааг улам бүр зузаатгаж, өргөжүүлэн бэхжүүлнэ" гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын сансрын технологийн салбар нь БНХАУ болон Японыхтой харьцуулахад хэдэн арван жилээр хоцорч байгаа юм. Тус улс 2013 онд анх удаа хиймэл дагуул хөөргөж, 2008 онд “Союз” хөлгөөр сансрын нисгэгчээ Олон улсын сансрын станц руу илгээж байв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ