Говь-Алтай аймгийн заган ойн нөөц багасчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-20 17:05:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн заган ойн нөөц малын хөлөнд талхлагдах, хууль бусаар түлшинд их хэмжээгээр хэрэглэсний улмаас багасчээ.


Тус аймагт хэрэгжиж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Зармангийн говь, Улааншалын хоолойн заган ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл, нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн байна.

Судалгаагаар Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутаг дэвсгэрт сийрэг, намхан, титмийн диаметр багатай заган ой зонхилон тархсан байгаагийн зэрэгцээ орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаатай ойр, ялангуяа Баянтоорой тосгоны ойролцоох газруудад малын хөлд талхлагдаж, идэгдсэн байгааг илрүүлжээ.

Судалгааны нийт 132 дээж талбайд байгалийн сэргэн ургалтыг судлахад нийт дээж талбайн ихэнх буюу 87.1 хувийг загийн байгалийн сэргэн ургалт байхгүй талбай байгаа аж. Харин дээж талбайн 72.7 хувьд загийн өтгөрөл бага, мөн заган ойн нөөц хангалтгүй байгааг тогтоосон байна. Тиймээс Зармангийн говь болон Улаан шалын хоолойн заган ойг хамгаалах малчдын бэлчээр ашиглалтын бүлгийг байгуулж, хамгаалах, зориудаар тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах ажлыг эхлүүлэх нь зүйтэй байгааг судалгааны багийнхан зөвлөсөн байна. Ялангуяа газар тариалан эрхлэх туршлагатай, тариалангийн талбай, усжуулалт бүхий Баянтооройд мод үржүүлгийн газар байгуулан ажиллах хэрэгтэйг төслийн байгийнхан танилцуулсан юм.

Түүнчлэн загийг түлшинд хэрэглэхийг хориглосон ч хэрэгжилт хангалтгүй, хэрэглээ их байгаа нь нөхөн сэргэлт, нөөцөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл байгаа аж. Тиймээс загаас өөр түлшний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал байгааг "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн Говь-Алтай аймгийн зохицуулагч Э.Цэцэгмаа онцлон мэдээллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ: “Нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан хийсэн тус судалгаа тооллогын ажлын үр дүн, зөвлөмжид үндэслэн сумын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 онд хийнэ” хэмээлээ.


Холбоотой мэдээ