Хүнсний үнийг нэмж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-20 16:58:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос долоо хоног тутамд олон нийтэд хандсан мэдээлэл өгч, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хүргэж байна.

Өнөөдөр аймгийн ОБГ, ЭМГ, МХГ, ЦГ, БОЭТ, ЗӨСТ-өөс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ээлжит мэдээллээ өглөө.

Аймгийн ОБГ-аас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдөж, үнэ нэмж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл өгч, холбогдох хуулиудын дагуу 100 мянгаас 20 сая хүртэлх төгрөгөөр торгохыг сануулсан байна. Аймгийн Засаг даргын 103 дугаар захирамжаар халдварын сэжигтэй тохиолдол илрэх үед тусгаарлах арга хэмжээ авах зорилгоор Политехникийн коллеж, зочид буудлууд, сургуулийн дотуур байранд 641 орыг бэлтгээд байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Иргэдэд зөвлөмж өгөх үүднээс 123 төрлийн гарын авлага, материалыг бэлтгэж, 113 мянга гаруй иргэнд хүргэжээ.

Аймгийн БОЭТ-д Шуурхай түр штабыг байгуулж, хариуцлагатай жижүүрийг 24 цагаар ажиллуулж байгаа ба 55 ортой 3 тасгийг бэлэн байдалд бэлтгэж, эмч, сувилагчдыг халдварын үеийн эмчилгээ, оношилгоо, хамгаалах аргад чадавхжуулан сургаж байна.

Аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг 3 дугаар сарын 30 хүртэл хориглосон бөгөөд захирамжийн хэрэгжилтэд Цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байгаа юм. Камер болон эргүүлийн хяналт шалгалтаар архи, согтууруулах ундаа худалдаж байгаа нь илэрсэн дэлгүүрүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар хариуцлага тооцжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа,  үйлчилгээний 56 байгууллага, 9 банк, 71 нийтийн орон сууц, 44 худаг, уст цэг, 2 усан сан, цэвэрлэх байгууламж, 10 гүнийн худаг, 17 эмийн сан болон эрүүл мэндийн байгууллага, зочид буудал, уурын зуух гэх мэт 430 гаруй байгууллагад хяналт шалгалтыг хийжээ. Энэ үеэр улсын байцаагчийн 28 албан шаардлагыг үйлдэж, 4.6 кг бүтээгдэхүүнийг хураан авч, устгасан байна. Мөн 191 аж ахуйн нэгжийн 36425 м/кв талбай, тоног төхөөрөмжид ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ