Төслийн хүрээнд нэг тэрбум орчим төгрөгийн ажил хийнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-20 22:00:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 онд Говь-Алтай аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр”-ийн хүрээнд нэг тэрбум орчим төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ.

 

Энэ хүрээнд тус аймгийн бүх суманд усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх аж. Тухайлбал, сумын төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгт халуун ус, худаг, ариун цэврийн байгууламж, дулаалгын ажлыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар, шинэлэг шийдлийг сонгон хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Уг хөрөнгө оруулалтын ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэйгээр хийнэ хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр хариуцсан зөвлөх М.Эрдэнэбилэг танилцууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сан “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл 2017-2021 онд Говь-Алтай аймагт хэрэгжих юм. Уг төслийн хүрээнд “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр" хэрэгжин хүүхэд багачуудын боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, засаглалын орчныг сайжруулан, тэдэнд нийгмийн үйлчилгээг тэгш хүртээхийг зорин ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ