Монголын сүүлчийн хааны оточ байсан солонгос эмч И Тэ Жүн

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2020-03-26 11:23:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сүүлчийн хаан YIII Богд Жавзандамба хутагт И Тэ Жүн хэмээх солонгос оточтой байжээ.

Японы эрхшээлд орсон эх орноосоо Хятад руу дүрвэсэн И Тэ Жүн эмч 1914 онд Нийслэл хүрээнд ирж эмнэлэг байгуулан ажиллахын зэрэгцээ Хятад дахь Солонгосын эх орончдод Монголоос санхүүгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх замаар хувьсгалын үйл хэрэгт оролцож байжээ.


И Тэ Жүн нь өөрийн хамтран зүтгэгч, эх оронч Ким Гюү Шигтэй нууц цэргийн сургууль байгуулах зорилгоор 1914 онд анх Монголд орж ирэн тухайн үеийн Нийслэл хүрээнд эмнэлэг байгуулан ард түмний дунд ихээхэн дэлгэрээд байсан өвчнийг анагааж “Тэнгэрийн хувилгаан” хэмээн өргөмжлүүлж явжээ. Ийнхүү Нийслэл хүрээнд /Одоогийн Улаанбаатар хот/ алдар нэр нь түгсэн тэрбээр YIII Богд Жамзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллах болсон байна.

Монголын эзэн хаан YIII Богд Жавзандамба хутагт зарлиг гарган 1919 оны 7 дугаар сарын 21-нд И Тэ Жүн эмчийг Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж монголчуудын төлөө гаргасан сэтгэл зүтгэл, гавьяаг үнэлж байжээ.


И Тэ Жүн эмч 1883 оны 11 дүгээр сарын 21-нд Солонгосын Өмнөд Кёнсан мужийн Хаман суманд төрж, тухайн үеийн "Северанс" Анагаахын сургууль буюу одоогийн Ёнсэ Их сургуулийн Анагаахын сургуулийг 1911 онд дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд "Северанс" эмнэлэгт дадлагажигчаар ажиллаж байсан боловч тухайн үед Японы эзлэн түрэмгийлэгчид нутагт нь орж ирэн баривчлагаа, дарамт хавчлага их болсон тул 1912 онд аргагүйн эрхэнд БНХАУ-ын Нанжин хот руу дүрвэхэд хүрчээ. Улмаар тэндээсээ Богд хаант Монгол улсын нийслэл Хүрээнд орж ирэн эмнэлэг байгуулж, хүн ардыг эмчлэн түүгээр алдаршсан хүн юм. Тэрбээр Солонгосын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдаж байсан Ан Чан Хугийн Японы эсрэг хөдөлгөөнийг дэмжигч байсан байна.


Монголд амьдрах хугацаандаа И Тэ Жүн Шанхайд байсан Солонгос улсын түр Засгийн газарт санхүүжилт хүргэх, “Иёлдан” бүлгэмийн үйл ажиллагаанд оролцох зэргээр өөрийн орны тусгаар тогтнолын хөдөлгөөнд багагүй хувь нэмрээ оруулж, Богд хаант Монгол Улсад хандан өлсгөлөнд нэрвэгдсэн солонгос хүүхдүүдэд туслах бичиг өргөн барих зэрэгт тодорхой нөлөөлөл үзүүлж байсан түүхэн баримт бий.

Тэрбээр 1921 онд япон цэргүүдтэй далдуур холбоо тогтоож байсан Оросын цагаантны цэргүүдийн гарт ид залуу 38 насандаа харамсалтайгаар амиа алдаж эх нутагтаа очиж чадалгүй Монголын тал нутагт мөнхөд нойрссон байна.


БНСУ-ын Засгийн газраас И Тэ Жүн эмчийн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан алдар гавьяаг үнэлж 1990 онд “Эх оронч” тэмдгээр нэхэн шагнажээ.

Мөн Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Зайсан толгойн аманд байгуулсан юм.

 
Улмаар 2009 оны 7 дугаар сард И Тэ Жүн эмчийн хүсэл тэмүүлэл, эх оронч үйлсийг эргэн дурсах зорилгоор цэцэрлэгт хүрээлэн дэх дурсгалын музейг БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр байгуулжээ.  Улаанбаатар дахь “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” нь одоо иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг юм.




Тодруулга:

Монгол Улсын төрийн дээд шагнал “Эрдэнийн очир” одонгийн тухай

Богд хааны зарлигаар 1913 онд "Эрдэнийн очир" одонг баталж дүрмийг нь гаргажээ. Эрдэнийн очир одон нь тэргүүн, дэд, гутгаар хэмээх гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн одон дотроо гурван зэрэгтэй.

Тэргүүн зэргийн Эрдэний очир одон солбисон алтан очир, үүний төв дунд ба толгой дор нь цөм сувд шигтгээд ард нь “Монгол Улсын эртний Богд хаан Чингисийн Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаан эзэн дор өргөмжлөн олгоно хэмээн заажээ.

Тэргүүн зэргийн хоёрдугаар Эрдэнийн очир нь солбисон алтан очир, үүний төв дунд дор нь сувд, толгой дор нь улаан эрдэнэ чулуу шигтгээд ар дор нь “Монгол Улсын эртний богд Халхын Очир Автай сайн хааны Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаан эзний тайж, Чин ван дор олгохоор журамласан байна.


Тэргүүн зэргийн гуравдугаар Эрдэнийн очир нь солбисон алтан очир, үүний төв дундад ба толгой дор нь цөм улаан эрдэнэ чулуу шигтгээд ар дор нь “Монгол Улсын шарын шажны эзэн анхдугаар дүрийн Богд Жавзандамба ламын Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын угсаа ван, гүн, улсын нагац нарт олгоно гэж журамлажээ.

Дэд зэргийн одон дотроо дөрвөн зэрэг. Дэд зэргийн одонг Монголын түшмэдийн зэргээр вангийн, бэйлийн, бэйсийн, гүнгийн зэргээр одонгуудыг дэс дараалан нэрлэж одонгийн ар талд дэсийг монгол үсгээр цоолборлон үйлдэж олгоно. Гутгаар зэргийн одон таван зэрэгтэй. Энэ нь түшмэлийн таван зэргээр тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр, тавдугаар зэрэг хэмээн ялгаварлан тогтоосон байжээ.

П.Хүслэнтуяа




Холбоотой мэдээ