Крайстчерч хотод халдлага үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-26 12:55:03

ВЕЛЛИНГТОН. /The Guardian/. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд нэг жилийн өмнө болсон халдлагыг үйлдсэн хэрэгт холбогдсон этгээд 51 хүний аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан Австралийн иргэн, 29 настай Брентон Таррант мөн өөр бусад 40 хүний амийг хөнөөхийг завдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.


Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд 2019 оны гуравдугаар сарын 30-нд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 51 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан юм. 


Дэлхий дахиныг цочроосон уг халдлагын улмаас Шинэ Зеландын эрх баригчид галт зэвсгийн хяналтын хуулиа чангатгахад хүрсэн билээ.


Шинэ Зеландад коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд пүрэв гарагт Крайстчерч хотын Дээд шүүхэд болсон шүүх хурлын үеэр Б.Таррант гэм буруугаа хүлээсэн байна.


Олон нийтийн төлөөллийг оролцуулаагүй уг шүүх хуралд Б.Таррант болон түүний өмгөөлөгч нар цахимаар оролцсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлөн нэг хүн оролцжээ.


Дээд шүүх уг гэмт этгээдэд хэзээ ял ногдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнд бүх насаар хорих ял ногдуулах төлөвтэй байна.  

Холбоотой мэдээ