Тосонцэнгэл суманд махны үйлдвэр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-26 20:11:12

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл суманд хоногт 500 бог, 150-200 бод төхөөрөх хүчин чадалтай махны үйлдвэр байгуулна.

Тус үйлдвэрийг “Баян нью фүүд сентури” ХХК-тай гэрээ байгуулснаар үйлдвэрийн байрыг бэлэн болгожээ. Энэ үйлдвэр ажилласнаар 30-50 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангана. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд манай сум махны үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж буй юм. Түүнээс гадна Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутаг. Эрүүл бүс нутгаас үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл хүнсийг бэлтгэж худалдаанд гаргах нөхцөл ийнхүү бүрдээд байна.

Үйлдвэр ажиллаж эхэлснээр малчдын өрхийн эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй суманд ажлын байр бий болох давуу талтай. Мөн бэлчээрийн монгол малын махны онцлог давуу талыг тодорхойлох, махны экспортыг тогтвортой, урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэх, экспортын зах зээлийг өргөтгөх боломжтой хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас дуулгав. Ташрамд, тус суманд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийн тусгай төслийн хүрээнд жимс жимсгэнийн хоёр бүлэг, оёдлын гурван бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосноор таван бүлгийн 30 гаруй иргэн ажлын байраар хангагдаад байна. 

Холбоотой мэдээ