Жилд 352 сая шахмал эм үйлдвэрлэх боломж бүрдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-29 15:45:41

Эм хангамжийн салбарт тэргүүлэгч  Монос группын GMP-ийн шаардлагад нийцсэн, Чанарын удирдлагын ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн эмийн үйлдвэрийн цогцолборын нээлт болов.

Монгол Улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд тус групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү төслийн хөрөнгө оруулалт 9.8 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Монос” эмийн үйлдвэр өмнө нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон улсын ISO9001 стандарт, чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү эмийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулж GMP стандартыг хангаснаар Олон Улсын  3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болж байна.

Эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3.5-3.9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх юм. Мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангах аж. 

Одоогийн байдлаар “Монос” эмийн үйлдвэр нь 70 орчим нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ