Онч мэргэн үгсийн уралдаан зохион байгууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-31 11:19:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын ЗДТГ байгууллагынхаа залуучуудын санаачилгаар "Уран сайхан үгсийн цомог" онч мэргэн үгсийн уралдааныг зохион байгуулжээ.

Онч мэргэн үгс нь амьдралд урам зориг, эрч хүч өгч, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, сайн сайханд хөтөлж, амьдралыг илүү үнэ цэнтэй болгоход тусалдаг.

Энэхүү уралдаанд тус сумын ЗДТГ-ын бүх ажилчин, албан хаагчид 108 онч мэргэн үг зохиож оролцжээ.

Ирсэн онч мэргэн үгсийг шалгаруулахдаа ажилчдынхаа оролцоонд тулгуурлан хамгийн олон санал авсан үгийг шалгаруулсан байна.

ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг энэхүү уралдааныг дүгнэн хэлэхдээ “Онч мэргэн үгсийн энэ уралдаан нь ажилчдынхаа оюуныг хөгжүүлэх, монгол хэлний баялаг их өв санг таниулж, сурталчлах зорилготой юм.

Улсын хэмжээнд ч бас ийм уралдаан болдог. Өнгөрсөн жил манай байгууллага ажилчиддаа 2019 оны “Онч мэргэн үгс”-ийг танилцуулж мэдээлэл өгч байсан.

Дэлхий нийтээрээ шинэ коронавирусний халдварын эсрэг тэмцэж, өдөр бүр сэтгэл түгшээсэн мэдээ мэдээлэл дунд байгаа энэ үед энэ үйл ажиллагаа маань нэг талын урам зориг өгсөн, сэтгэл санааг нь дэмжсэн ажил болж байгаа юм. Дараа нь ирсэн бүтээлээрээ “Уран сайхан үгсийн цомог” хийж, сурталчилж, архивлан хадгална” гэлээ.  

Тус уралдаанд тус сумын зургадугаар багийн Засаг дарга И.Эрдэнэцогийн “Ихийг санаачил-Иргэд дэмжинэ”, ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэгийн “Бодлоо цэгцэл-Бүхнийг өөрөөсөө“, тавдугаар багийн Засаг дарга Л.Батбаярын “Түмний итгэл-Төрийн зүтгэл” үгнүүд хамгийн олон санал авчээ. 

Холбоотой мэдээ