Францад нас баралтын тоо огцом нэмэгдэж, Испанид халдвар хумигдаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-31 13:54:52

ЛОНДОН. /BBC/. Франц улсад коронавирусний халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгдэж, харин Испанид халдварын тархалт хумигдаж, хүмүүс халдвар авах нь багасаж эхэлсэн тухай эрх баригчид нь мэдээлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ 18 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч уналаа.


Коронавирусний халдвар авсны улмаас нэг өдрийн дотор 812 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 7340 боллоо гэж Испанийн эрх баригчид даваа гарагт мэдээлэв. Гурав хоногийн өмнө нас баралтын түвшин харьцангуй бага байсан бөгөөд харин одоо тус улс энэ үзүүлэлтээр хоёрдугаарт орж байна. Үүний зэрэгцээ Испанид нэвтрүүлсэн хорио цээрийн арга хэмжээ үр дүнтэй байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Мария Хосе Сьерра мэдэгджээ. Гуравдугаар сарын 25-ныг хүртэл халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар 20 хувиар нэмэгдэж байсан бол одоо энэ үзүүлэлт 12 хувьтай байгаа аж. Харин Испанийн Каталони муж, Баскийн өөртөө засах муж болон Мадрид хотод халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. 


Тэгвэл Франц улсад коронавирусний халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгдсэн байна. Тус улсын эмч нарын мэдээлснээр, 3000 гаруй хүн нас барсан бөгөөд нас баралтын үзүүлэлт 16 хувиар нэмэгджээ. Франц улс энэ үзүүлэлтээр Итали, Испани, БНХАУ-ын дараа дөрөвдүгээрт орж байна. 


Францын Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломоны мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 11 хувиар өсөж, 40 мянга давсан байна. Харин Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурдсанаар бол Францад 45 мянга гаруй хүн халдвар авчээ.


Нефтийн үнэ уналаа

Даваа гарагт Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 22.58 ам.доллар болж буурсан бол Америкийн  "WTE" маркийн нефтийн үнэ нэг торх нь 20 ам.доллароос доошилж унасан байна. Энэ нь 18 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм.


Сүүлийн нэг сарын хугацаанд нэг торх нефтийн дундаж үнэ 50 гаруй хувиар буурчээ. Шинжээчид үүнийг олон оронд хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас эрэлт буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнээс гадна, нефтийн олборлолтыг бууруулах талаар ОХУ ОПЕК-ийн орнуудтай тохиролцож чадаагүйтэй холбоотойгоор ОХУ, Саудын Арабын хооронд эхэлсэн "үнийн дайн" нефтийн үнэ унахад нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.


Холбоотой мэдээ