Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-03-31 16:07:12

ВАШИНГТОН. /RIA Novosti/. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ онд коронавирусний цар тахлын улмаас 2.3 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банкны /ДБ/ тайлан мэдээнд дурджээ.  


БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсөж байсан бол 2020 онд суурь хувилбараар 2.3 хувиар өсөж, сөрөг хувилбараар 0.1 хувьд хүрч саарна гэж Дэлхийн банкны шинжээчид таамаглаж байна.


Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий өсөлт 2.1 хувь байх төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус бүс нутгийн эдийн засаг 5.8 хувиар өсжээ. Харин хамгийн муу хувилбараар бүс нутгийн эдийн засаг 0.5 хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд мөн бүс нутгийн 11 сая хүн ядуурлын ирмэгт тулж болзошгүй байгаа бол 35 сая хүн эсрэгээрээ 2020 онд дунд анги руу “орно” гэж шинжээчид үзэж байгаа аж. 


Тодруулбал, Индонезын ДНБ эдийн засгийн байдал хүндэрсэн нөхцөлд 2.3, Малайзынх 4.6, Тайландынх 5 хувиар саарч магадгүй байна.


“Төрийн түвшинд хатуу арга хэмжээ авахаас гадна олон улсын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх нь энэхүү вирусний аюулын эсрэг хамгийн үр дүнтэй вакцин юм” гэж ДБ-ны Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагт Аадитьи Матту тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ