NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-04-01 17:28:44

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн сансар судлалын NASA агентлаг Наран дээр шуурга хэрхэн үүсдгийг судлах зорилгоор шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгджээ.


NASA шинэ хөтөлбөрөө “SunRISE” /Sun Radio Interferometer Space Experiment/ хэмээн нэрлэсэн байна. Энэхүү хөтөлбөрийг Нарны аймгийн бүтцийн талаар илүү ихийг мэдэхийн тулд, мөн Сар, Ангараг руу илгээх сансрын нисэгчдийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж. “Манай сансар судлаачдад шинэ даалгавар нэмэгдсэнд баяртай байна. Энэ нь бидэнд Нарыг илүү нарийвчлан судлахад, тодруулбал, гараг хоорондын орон зайд Нар хэрхэн нөлөөлдгийг олж мэдэхэд тусална. Сансрын цаг агаарт Нар хэрхэн нөлөөлж буй талаар бид илүү ихийг мэдэх тусам сансрын нисэгчид болон сансрын хөлгийг энэ нөлөөнөөс хамгаалах боломжтой болно” гэж NASA агентлагийн гелиофизикийн салбарын дарга Никки Фокс хэлжээ.


Уг хөтөлбөрийн хүрээнд огторгуйн нэг дуран шиг ажиллах, шарсан талхны хэмжээтэй зургаан бичил хиймэл дагуул хөөргөх аж. NASA энэхүү хөтөлбөртөө 62.6 сая ам.доллар хуваарилсан бөгөөд 2023 оны долдугаар сарын 1-нээс хэтрэхгүй эхлүүлэхээр төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ