“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд 830 тэрбум төгрөг төсөвлөжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-02 11:12:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзалтын эхэнд өнгөрсөн оны ажлын үр дүнгийн талаар товч мэдээлэв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Өнгөрсөн онд 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллан түүхэн дээд амжилт тогтоож  улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан байна.

Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ.

Тэрээр “Стандарт” банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, “Балхашмыс” компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэдгийг хэллээ.    

2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ