О.Батсайхан: 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт паркын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-03 12:51:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, цаашлаад импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк тус аймагт 2017 онд байгуулагдсан. Шинэ төрлийн жижиг, дунд үйлдвэрүүд бий болж, үйлдвэрлэл нэмэгдсэн ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, улмаар паркт бүтцийн өөрчлөлт хийсэн. Тиймээс паркын нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааны талаар захирал О.Батсайхантай ярилцлаа. Тус паркт энэ онд улсын төсвөөс 2,4 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэжээ.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та “Сүхбаатар хөгжил” ҮТП-ын ажлыг хүлээж аваад удаагүй байна. Ажил хүлээлцэх үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Ажил хүлээн авах буюу хүлээлцэх үед байдал маш хүнд байсан. Байгууллагын ажилчид сүүлийн зургаан сар ажлаа хийсэн үгүй нь тодорхойгүй, өмнөх захиралдаа ажлаа хүлээлгэж өгөөд явчихсан. Одоог хүртэл зарим ажилчид нь ажлаа хүлээлгэж өгөөгүй л байна. Байгууллагын санхүүгийн нөхцөл байдал маш хүнд, бараг 300 орчим сая төгрөгийн өртэй байсан. Байгууллагын удирдлага, менежерүүд мэргэжил, мэдлэг, дадлага, туршлагын хувьд дутмаг байсан уу ерөөсөө л менежментийн хувьд алдаатай анхнаасаа асуудлаа шийдээгүй явсан нь харагдсан. Мөн орон тооны давхардал ихтэй, ажилчдын цалин өндөр, нөхцөл байдлаа үнэлээгүй зэрэг байдал нь өрөнд оруулж байгууллагад хохирол учруулах гол нөхцөл нь болсон гэж дүгнэж байгаа.

-Үүссэн хүндрэлүүдээс гарахын тулд ямар зарчмаар ажиллав. Үр дүнтэй байж чадсан уу?

-Ажил авсан цагаас эхлэн орон тооны давхардлыг арилгаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн хэмнэлттэй горимд шилжиж, хэдэн сар ажилласны хүчинд зарим хүндрэлээсээ гарч л байна. Байгууллагад ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт, бизнесийн үйл ажиллагааг зах зээлийн зарчмынх нь дагуу явуулах, түрээсийг цаг хугацаанд нь төлүүлэх, ашиг олох боломжтой түрээслээгүй өрөөнүүд ажлын байрыг эзэнтэй болгох гэх мэт менежментийн хувьд нэлээдгүй олон ажлыг хийсний үр дүнд одоогоор байгууллагын гаднах зарим өр төлбөрөөс бусад өөрийгөө санхүүжүүлээд явах менежмент нь хийгдсэн учраас анхнаасаа ийм байдлаар явах боломж байсан уу гэвэл бас байсан. Тиймээс хэсэг хугацааны дараа л үр дүн гарч байна.

-Тэгвэл яг өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

-Одоо байгууллага хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарч байгаа учраас өнөөгийн нөхцөлд төр, иргэн, хувийн хэвшил буюу бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа хамгийн чухал юм. Би үүнийг яагаад хэлээд байгаа юм бэ гэхлээр төр маань хэрэглээгээ, иргэд маань өмсөж байгаа хувцсаа эргээд нэг хараасай гэж хүсдэг. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна уу гээд нэг асууж үзвэл  хариулт нь маш тодорхой гарна.

-Анх байгуулагдаж байснаас орон тоо цөөрсөн юм шиг байна?

-Тийм ээ, анх орон тоогоороо есөн хүнтэй, өмнөх удирдлагын үед байгууллагын удирдлага, менежерүүд  800.000-1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бол ажил авснаас хойш бүтцийн өөрчлөлтөд орж, зургаан хүний орон тоотой ч бид хэмнэлттэй горимд дахин шилжин дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллагын менежерүүд 500.000-700.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Миний хэлээд байдаг менежмент, санхүүгийн хэмнэлттэй горимд ажиллаж байж байгууллагыг хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргасан гэдэг нь энэ л дээ. Бизнесийн байгууллага алдагдалтай ажиллаад эхэлбэл удирдлага нь нөхцөл байдлыг мэдэрч үнэлээд менежментийн шинэчлэл хийх ёстой л доо.

-Паркын гол зорилго бол ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх шүү дээ. Энэ чиглэлийн ажил одоо хэрхэн явж байна?

-Төр, иргэн, хувийн хэвшлийн гурвалсан холбоос, хамтын ажиллагаа чухал. Эх оронч сэтгэлгээтэй баймаар байна гэдэг нь бүтээгдэхүүн худалдан авалт хийж дэмжлэг үзүүлэх нь төр, иргэд маань юм шүү дээ. Бизнесийн байгууллагууд бол үйлдвэрлэл явуулж ашиг олж байж төрд татвар төлдөг. Төлсөн татварыг төр дахин хуваарилалт хийж улсдаа болоод иргэдэд хэрэгтэй, нийгмийн хэрэгцээт бизнесийн салбарыг дэмжих ёстой байдаг. Ингэж байж эрүүл зах зээлийн систем болно. Гэтэл төсвийн мөнгөөр халамжийн бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бизнесийн дэмжлэгийг нь танил талаараа ЖДҮ-ийн хулгай хийж эрүүл бус системтэй болгож байна. Монголын бизнесийн зах зээлийн маш том гажуудал бол энэ, үнэхээр харамсалтай.


-Яг одоогоор танай дээр хэрэгжиж байгаа төслүүд?

-Өнөөдрийн байдлаар оёдол, гурил гурилан бүтээгдэхүүн, буйдан засвар үйлчилгээ, цаасан уутны үйлдвэрүүд ажиллаж байна. Ер нь байгууллагын дэргэдэх ЖДҮ-ийг дэмжих сангаас нийт 10 байгуулага их бага хэмжээгээр зээл авсан байдаг юм. Үүний гурван зээлдэгчээс бусад нь хугацаандаа зээлээ эргэн төлдөг болсон ба иргэдэд хэрэгцээт бүтээгдэхүүнээ нийлүүлж ашиг орлого олоод явж байгаа. Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх боломж байна уу гэвэл байна. Үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүс ч байна. Сайны хажуугаар саар гэгчээр эхнээсээ алдаа дутагдалтай явсны уршгаар заримынх нь санхүүжилт шийдэгдэхгүй удаж байна. Гэтэл энэ байдлыг орон нутаг нь мэдрэхгүй уул, уурхай, бусад эх үүсвэрээс бүрдэх санхүүжилтийг үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чиглүүлэхгүй орон нутгийн төсөв рүү татан төвлөрүүлж зөвхөн үрэлгэн зах зээлийг дэмжээд байхаар яаж хөгжих вэ дээ. Иргэдэд хэрэгцээт бүтээгдэхүүний зах зээл байна уу гэвэл бас байна. Одоо манай бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа маш том асуудал бол ажиллах хүчин үнэхээр чухал байна. Орон нутагт ажил хийдэг хүмүүс нь ховордоод залхуу гэдэг өвчинд нэрвэгдээд байна. Үүнийг нь хөхүүлэн дэмжиж байгаа зүйл бол хүнсний талон, улс төрийн мөнгөний амлалтууд болоод байна. Хүн хөдөлмөрлөхгүйгээр амьдардаг тэжээвэр амьтан биш шүү дээ. Хөдөлмөрлөж байж цалин авна, түүгээрээ амьдрал ахуйгаа авч явна. Тэгээд дараа дараагийн шинэлэг зүйл, бизнесээ өргөжүүлнэ шүү дээ.  

-Энэ жил танайд улсын төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийх юм шиг байна лээ. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ. ҮТП маань дөрвөн бүстэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй байгууллагын нэгдүгээр бүсийн дэд бүтэц, дотоод шугам сүлжээ болон дөрвөн улирлын усалгаатай ногооны хүлэмжийн төслүүд хэрэгжих юм. Аймаг орон нутагт жишиг болсон байнгын ажлын байрууд бий болно гэсэн үг. Дээрх хөрөнгө оруулалтдаа нийцүүлэн бусад дагалдах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бизнесийн кластерийн системээр хөгжүүлэхээр бид бэлтгэл ажлаа хийж байна. Байгууллагын гуравдугаар бүсэд гадны болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг давхар эрэлхийлж байна.

-Хэрэгжих төслүүд гол нь тогтмол хэрэгжиж, үргэлжлэх нь л чухал шүү дээ. Мэдээж үүн дээр онцгойлон анхаарч байгаа байх. Учир нь өнгөрсөн жилүүдийн гол алдаа энэ юм шиг санагддаг?

-Яг үнэн. Хамгийн гол асуудал чинь л энэ байхгүй юу. Тухайн бизнесийг ойлгодог, сайн мууг нь мэддэг, зах зээлийн судалгаа шинжилгээгээ хийчихсэн, ажиллах боловсон хүчний нөөцтэй ажлыг дундаас нь орхиод явчихгүй тийм л хүмүүс амжилтанд хүрч байна. Одоогийн зарим биенес эрхлэгчдийн маань алдаа бол үүнийг анхаараагүй тооцоолоогүй байдлаас л эрсдэлд орж, улмаар хаяад явдаг, шантардаг, бурууг бусдаас хайх явдал гардаг. Мөн төсөл, хөтөлбөрүүд яг баялаг бүтээгч, жинхэнэ эзэндээ очихгүй байгаагаас асуудлууд үүсээд байдаг. Тиймээс бид дахин ийм байдал үүсгэхгүйн тулд өөрийн тань хэлээд байгаа энэ асуудалд онцгойлон анхаарч байгаа.

-Орон нутгийн дэмжлэг ер нь хэр байгаа вэ?

-Орон нутгийн дэмжлэг дутмаг байна. Тэглээ гээд бид гараа хумхиад суугаагүй. Байгууллагын нөөц бололцоонд тулгуурлаж хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргахын тулд ажиллаж л байна. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл рүү татах, ухаад дуусдаг баялгийг үрждэг үйлдвэрлэл рүү оруулж орон нутгаа хөгжүүлэхээс гадна цаашлаад орон нутаг болоод улсын төсөвт хөрөнгө оруулалт болдог эрүүл бизнесийн систем рүүгээ яаралтай л хурдан хугацаанд шилжих шаардлагатай. Бусад санхүүгийн эх үүсвэрүүдийн нөөц бололцоог ч бүрэн дүүрэн ашиглах  цаг үеийн шаардлага байна. Тэгэхийн тулд хамтын багийн ажиллагаа л хамгийн чухал.

-Цаашид паркынхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Ирэээдүйн хөгжлийг их гэгээлгээр харж байгаа. Цомхон бүтцээр ашигтай ажиллах менежментийг л удаан хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөв менежменттэй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр аймаг, орон нутагтаа болоод зүүн бүсийнхээ дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй цаашлаад гадаад зах зээлд экспортлох хэмжээнд хүргэж чадах юм бол бид зорилгодоо хүрлээ л гэсэн үг. Одоо байгууллагад маань хөгжлийн ямар асуудал байна гэхээр орон нутгийн удирдлагын санхүүгийн дэмжлэг, төрийн худалдан авалт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэ техник, технологи инновацид түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх л шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ч бид тууштай ажиллах болно. Паркаа бүсийн цаашлаад улсын хэмжээнд жишиг болгох том ирээдүй биднийг хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье?

-Баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ