1А хорооллын бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 12.5 тэрбум төгрөг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-03 13:27:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Уг төлөвлөгөөний дагуу  1А орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлж, 1230 айл орон сууцтай болох боломж бүрдэж байна.  

2013 онд барилгажилт нь эхэлсэн 1А орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулахад орон нутаг болон улсын төсвөөс хөрөнгө гаргах боломжгүйн улмаас долоон жил гацсан. Тэгвэл Орхон аймаг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны хамтын ажиллагааны  төлөвлөгөөнд уг асуудлыг тусгаж Эрдэнэт үйлдвэрээс 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Ингэснээр 1230 айл орон сууцтай болохоос гадна Найрамдлын өндөрлөг, Бурхан багшийн сэрэг дүр орчмын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Аймаг, орон нутгаас уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж  байсан юм.

“Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд туссан 22 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхэд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулна. Үүний дийлэнхийг Цагаанчулуут багт барьж буй “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулна.

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлсний үр дүнд Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийг багасгах зорилгоор “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулжээ. Мөн олон жил ярьсан усны алдагдлыг бууруулах чиглэлээр Ажлын хэсгийг хоёр тал хамтран байгуулаад  байна. Өнгөрсөн оны гэрээг хоёр тал 96.4 хувьтай дүгнэсэн байна.  

Холбоотой мэдээ