Малчдад өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-06 17:14:42

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл суманд цас ихтэй, хаваржилт хүнд байгаа хэдий ч малчдад өвс тэжээлийг хотонд нь хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Манай суманд хаваржилтын нөхцөл байдал маш хүнд байгаа. Мал бэлчээрт гарах боломжгүй, бод, бог бүгд тэжээлд орсон, малын хорогдол их байна. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцөө дууссан. Аймгийн аюулгүйн нөөцөөс 60 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр, 55 тонн өвсийг үнэгүй өгсөн. Харин Улсын нөөцөөс 100 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр, 75 тонн өвсийг малчдад үнэгүй олголоо. Сумын өвс тэжээлийн нөөцөд бэлтгэсэн 20 тонн тэжээл, 25 тонн өвсийг малчдад хямдралтай үнээр, зээлээр олгож дууссан байгаа. Сумын удирдлагын хувьд олон улсын байгууллагад хандсанаар худалдан авсан үнийн дүнгээс нэг бүрийг нь 6500 төгрөгөөр хямдруулан 30 тонн буюу 1200 уут тэжээлийг найман мянган төгрөгөөр малчдад хуваарилан олгоод байна.

Улс, аймгаас малчдад тусламж өгч байгаа хэдий ч өвс, тэжээлийн хэрэгцээ шаардлага маш их байна. Манай нутагт цас их унасан учир хавар болох болоогүй, сумын хэмжээнд зах зээлд зарагдаж байгаа өвс, тэжээл дууссан тул сумынхаа бизнес эрхлэгчидтэй хамтран Баян-Өлгий аймгаас хямд үнээр өвс татах ажлыг судалж, эхний ээлжинд 10500 боодол өвсийг татаж малчиддаа олголоо хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ