УИХ-ын сонгуульд нэр дэвшигч АТГ-т ХОМ-ээ бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 10:54:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч ирэх сарын 17-19-нд https://meduuleg.iaac.mn/ цахим системд Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ээ бүртгүүлнэ. Энэ нь 2019 оны 12 дугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуультай хамт баталсан Авлигын эсрэг хуульд орсон шинэ заалт юм.


Тодруулбал, өмнө бүх шатны сонгуульд нэр дэвшигч СЕХ эсхүл тойргийн хороондоо ХОМ-ээ цаасаар хүргүүлж, сонгуулийн дүнгээр олонхын санал авсан нэр дэвшигчийн мэдүүлгийг АТГ бүртгэдэг байсан. Харин энэ жилээс эхлэн хэрэгжүүлэх шинэ зохицуулалтаар нэр дэвшигч ХОМ-ээ АТГ-т шууд цахимаар бүртгүүлэх, иргэд тойрогтоо нэр дэвшигчийн мэдүүлэгтэй танилцах, сонгуулийн өмнө болон сонгогдсоны дараа ямар өөрчлөлт гарсныг хянах боломжтой болж буй юм.


Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, “АТГ болон СЕХ-ны дарга нар хамтран энэ сарын 3-нд нэр дэвшигчийн ХОМ-ийн маягтыг баталсан. Нэр дэвшигч өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогын хэмжээ болон хөрөнгөө ямар эх үүсвэрээс бий болгосноо дэлгэрэнгүй бөглөх ёстой. Энэ хүрээнд АТГ-аас нам, эвслүүдэд зөвлөмж хүргүүлэх, ХОМ-ээ хэрхэн мэдүүлэх талаар гарын авлага гаргахаар ажиллаж байна. Ирэх сарын 19-ний 22.00 цагт ХОМ-ээ цахимаар бүртгүүлэх хугацаа дуусна. Үүний дараа бид мэдүүүлгээ бөглөсөн нэр дэвшигчдийн мэдээллийг СЕХ-нд хүргүүлж, хураангуйг нь олон нийтэд танилцуулна" гэв.

Холбоотой мэдээ