Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-07 17:01:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ.


Хууль, тогтоолын төслийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулсан. Хуулийн төсөлд Малын генетик нөөцийн тухай хуульд тайлбарлан хэрэглэсэн “мал”, "үржүүлгийн бүтээгдэхүүн” гэсэн нэр томъёотой нийцүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.1 дэх заалтын “гүн хөлдөөсөн үр, хөврөл үр” гэсэн нэр томъёог өөрчлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдснаар хууль хоорондын зөрчил арилж нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна гадаадад гаргаж буй үржлийн бус мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг хянах нөхцөл бүрдэх ба улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 


 Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар асуулт асууж, үг хэлэв. Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1  хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ