Х.Бахытхумар: Мод тарих хүсэлтэй айл өрхүүдэд модны суулгацыг үнэгүй өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-08 20:57:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумартай ярилцлаа.


Хот тохижуулах албаны ерөнхий чиг үүргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Үндсэн гурван чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, хот доторх хар замын цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаарт, гудамж талбайн гэрэлтүүлэг, гуравдугаарт ногоон байгууламжийг хариуцан ажиллана.

Энэ жил аймгийн төвийн хүн амын тоо хэдэд хүрсэн бэ?

- Одоогоор 38600 гаруй хүн бүртгэлтэй байгаа. Үүнд түр оршин сууж байгаа иргэд ороогүй.

38 мянган хүн амтай хотын Хот тохижуулах алба хэдэн хүний орон тоотой байх ёстой вэ?

- Манай Хот тохижуулах алба 23 хүний орон тоотой, жилийн 208 сая төгрөгийн төсөвтэй. Харин хөрш аймгуудын Хот тохижуулах байгууллага нь 400-600 сая төгрөгийн төсөвтэй байдаг. Гэхдээ хүн амын тоо манайхаас бага. Дээрх 23 хүний дотор албаны Ерөнхий менежер, гурван менежер, нягтлан бодогч, нярав багтаж байгаа. Түүнээс гадна хогийн цэг, Төв стадион, ногоон байгууламж гээд дөрвөн газарт манаачтай. Яг хотын цэвэрлэгээг хийдэг нь 4-5 хүн л байгаа. Өнгөрсөн онд аймгийн төвд 10 гаруй км зам шинээр тавьсан. Одоо нормативын дагуу дор хаяж 6 цэвэрлэгчийн орон тоог шинээр нэмэх шаардлагатай. Харамсалтай нь холбогдох санхүүжилтыг аймгийн ИТХ-д оруулсан ч дэмжээгүй.

Манай Хот тохижуулах албаны төсөв бусад аймгаас бага байгаа нь юутай холбоотой вэ?   

- Бид төсвийн төслөө жил бүр холбогдох тооцоо, судалгаатай нь хамт өгдөг ч аймгийн ИТХ-аас өмнө нь байгаа хэмжээгээр л баталчихдаг. Түүнээс гадна бусад аймагт Хот тохижуулах алба аж ахуйн нэгжийн статустай байдаг. Цахилгааны төлбөртэй хамт хогийн мөнгө гэж авдаг байна. Манайх ч энэ тогтолцоонд шилжих бодлоготой ч зөвшөөрүүлж чадахгүй байгаа. Холбогдох хуулийн дагуу уг асуудлыг ард иргэдээр хэлэлцүүлж, нэг бүрчлэн гэрээ хийж байж шийднэ. Гэр хорооллын айл өрхүүд байтугай орон сууцанд амьдардаг иргэдтэй гэрээ хийх гээд нэг сар явж байна. Зарим оршин суугч олддоггүй. Зарим нь гэрээ хийхгүй гэнэ. Тэгсэн мөртлөө хог тарьж байдаг. Энэ бол ухамсрын асуудал л даа. Өлгий сумын 8 мянган айл «байгальд хог тарьж байгаа шүү, энэ хүмүүс манай хогийг цэвэрлэж байгаа шүү» гэж ухамсарлаад сар бүр 5 мянган төгрөг төлөхөд зөвхөн засмал зам биш, гэр хорооллын дундах хогийг ч бүрэн цэвэрлэх боломжтой.  

Айл өрхүүдээс хогийн мөнгө авах шийдвэр нь хаанаас гарах ёстой юм бэ?

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шийдвэр нь гарсан. Хамгийн гол нь ард иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай. Бидний зүгээс холбогдох газарт нь орон нутгийн өмчит компани байгуулж өгөөч гэсэн хүсэлтээ удаа дараа гаргасан. Хамгийн гол нь аймгаас энэ ажлыг удирдан зохион байгуулах хэрэгтэй байна.

Хэлэлцүүлгээ хэзээ хийх бодолтой байна?

- Дараагийн жилийн төсөв, төлөвлөгөөнд оруулахаар ажиллаж байна.

Хот тохижуулах албаны машин техник, тоног төхөөрөмжийн одоогийн нөөц ямархуу байгаа вэ?

- Ямар нэгэн ажил гарлаа гэхэд бэлэн байгаа техник, хэрэгсэл байхгүй. Жишээлбэл, ковш бэлэн байх ёстой. Манайд байгаа ковш нь 2009 онд ирсэн, хүчин чадал муу, ажил хийлээ гэхэд дийлэхгүй. Орон сууцны хогийг цэвэрлэж байсан ачигч машин эвдэрсэн. Гудамж талбайг цэвэрлэх зориулалттай машин байгаа боловч нэг ч өдөр ажиллаагүй. Шүүрдэх механизм нь байхгүй. Гурван жилийн өмнө нэг машин авах зориулалтаар хуваарилагдсан мөнгөөр хэрэгцээндээ нийцүүлж бага оврын өргөгч, нэг портер гээд 2 машин авсан. Тэдний эдэлгээний хугацаа дуусаж байна. Эдгээрээс гадна олон улсын байгууллагуудын тусламжаар ирсэн хэдэн тээврийн хэрэгсэл байгаа. Харамсалтай нь бичиг баримт, улсын дугаар байхгүй. Ийм л байдалтай байна. Шинээр техник, тоног төхөөрөмж авах гэхээр төсөв мөнгөний боломжгүй.

2019 онд аймгийн төвд нэлээн олон газарт шинээр гэрэлтүүлэг тавьсан. Тэдний арчилгаа, засварын зардал, цахилгаан эрчим хүчний төсөв нь шийдэгдсэн үү?

- Өлгий сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 12 багт тус бүр нэг нэг километр гэрэлтүүлэг тавьсан. Аймгаас төв замуудын гэрэлтүүлгийг шинэчилсэн, шинээр тавьсан байгаа. Өмнөх онуудтай харьцуулахад гэрэлтүүлэг 2 дахин нэмэгдсэн. Харамсалтай нь холбогдох төсвийг 2020 оны төсөвт суулгаж чадаагүй. Учир нь ажлыг 2019 оны сүүлчээр хүлээлгэж өгсөн юм. Асуудлыг аймагт тавьсан, дараагийн жилийн төсөвт суух байх.

Ард иргэд гудамж талбайн хогийн савны хүрэлцээ муу гэж ярьдаг. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

- Өнгөрсөн онд нийтдээ 50 цэгт хогийн сав шинээр нэмж тавьсан. Харамсалтай нь иргэд хогоо хогийн саванд хийж хэвшихгүй байна. Шөнийн цагаар хогийн савны доторх хувинг хулгайлах асуудал байнга гарна. Бараг ихэнхийг нь алдсан. Хотоо цэвэр байлгахын тулд иргэдийн ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байна. Түүнээс гадна албан байгууллагуудад өөр өөрсдийн орчин тойрны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж байх үүрэг чиглэл өгсөн. Журам нь байгаа, бүх байгууллагын дарга нар мэдэж байна. Удирдлагууд үүнийг мэдсэн мөртлөө энэ ажилд идэвх гаргаж, санаа тавихгүй байна.

Тулгамдсан өөр ямар асуудал байгаа вэ?

- Хогийн цэгийн асуудал байгаа. Тэнд аймгийн төвийн 80 жилийн хог овоолоостой байна. Үүнийг цаашаа түрэх, нөхөн сэргээх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан. Яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж дуулсан ч одоог хүртэл ажил нь эхлээгүй.

Аймгийн төвийн зарим байгууллага хогоо ангилж хаях сав бэлдсэн харагдсан. Ангилсан хогийг дахин боловсруулах боломжуудыг судалсан уу?

- ТИКА олон улсын байгууллагатай хамтран хог хаягдлыг дахин боловсруулах талаар судалгаа хийж үзсэн. Судалгаанаас харахад, манай айл өрхүүд хуванцар хаягдлыг үнстэй хольж хаядаг болохоор дахиж хэрэглэх боломжгүй болчихдог юм байна. Харин орон сууц, албан байгууллагуудаас гарах ундааны савнуудыг сүү борлуулдаг хүмүүс өглөө эрт ирээд хогийн савнаас аваад явчихдаг. Тийм учраас яг үйлдвэр барьж боловсруулах хог манайхаас гарахгүй гэж үзсэн. Бусад боломжуудыг ч судалж байгаа. Тухайлбал, АПУ компанитай ярьж, архины шилийг үйлдвэрт нь буцааж тушаахаар тохирсон. Харамсалтай нь өгөх мөнгө нь тээврийн зардлаа даахгүй болохоор больсон. Мөн хаягдал цааснаас бичгийн цаас, ариун цэврийн цаас үйлдвэрлэх үйлдвэр байгуулъя, дэмжиж өгөөч гэсэн бас нэг хүсэлт ирсэн. Бидний зүгээс үйлдвэр барих газрыг шийдэж өгье гэсэн. Бас тоног төхөөрөмж авах төслийг нь салбарын яаманд уламжилсан байгаа. Одоогоор хариу ирээгүй байна.  

Аймгийн төвд энэ жил хэчнээн мод тарих вэ?

- Энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа. Аймгийн Засаг дарга ойн баярыг угтаж 80 мянган мод тарих төлөвлөгөө гаргасан. Үүний дагуу байгууллагууд хаана, хэдэн ширхэг мод тарих вэ гэдэг нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж дуусаад байна. Тавдугаар сард бүх нийтээр мод тарих өдөр хэрэгжүүлнэ. Мөн айл өрхүүдээс судалгаа авч байна. Аймгийн төвийн 8 мянган өрхөөс хашаандаа мод тарих сул зайтай, мод тарих хүсэлтэй айл өрхүүдэд модны суулгацыг үнэгүй өгнө. Харин модыг тарих, арчлан хамгаалах ажлыг тухайн иргэд өөрсдөө хариуцна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.  

Холбоотой мэдээ