Улс хоорондын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-08 18:20:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-аар дамжуулан Европын орнуудаас хүнс болон бараа тээвэрлэн ирсэн тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлэх ажил хэвийн явж байна.

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 32 тээврийн хэрэгслээр 47 зорчигч хил нэвтэрчээ. Эдгээрээс монгол 13, гадаад 34 иргэн байгаа аж. Мөн албаны зорилгоор хил нэвтэрсэн 14 зорчигчоос эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхэд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч, хилээр нэвтрүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 12 тээврийн хэрэгслийн 13 жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах дөрвөн тээврийн хэрэгслийн дөрвөн жолооч нийт 16 тээврийн хэрэгслийн 17 жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулжээ. Тэдэнд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад шилжүүлсэн байна. Эл цуваа Алтанбулаг боомтоос өглөөний 10:00 цагт хөдөлсөн байна. Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр 30 тээврийн хэрэгслээр нийт 43 зорчигч хил нэвтэрчээ. Эдгээрээс монгол 10, гадаад 33 иргэн байжээ. 

Холбоотой мэдээ