Тусгаарлалтад байсан иргэний давтан шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-08 17:54:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээ эерэг гарчээ.

Энэ иргэний тухайд гуравдугаар сарын 26-нд шилжих шөнө ОХУ-аас орж ирэн ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдаж байсан байна. Анхны шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарсан ч дөрөвдүгээр сарын 7-ны давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Тухайн иргэнийг Улаанбаатар хот дахь ХӨСҮТ-т авч ирж мэргэжлийн баг эмчлэх гэнэ. Тус иргэн анхнаасаа тусгаарлалтад байсан тул айж сандрах зүйл байхгүй болохыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Дээрх иргэн нь Улаанбаатар хотын харьяалалтай, ОХУ-д суралцдаг оюутан гэдгээс илүү мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг мөн онцлон хэллээ. Харин ард иргэд үүсээд байгаа нөхцөл байдлыг сайтар ухамсарлан, олон нийтийн газраар явахгүй, хувийн анхаарал хяналтаа сулруурахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн аймгийн Онцгой комисс, хууль хяналтын байгууллагууд бүхий л бололцоо нөхцөлөө дайчлан ажиллаж байгаа гэдгийг аймгийн Онцгой комисс мэдэгдлээ. Иргэд дархлаагаа сайтар дэмжин, илчлэг хоол хүнсийг түлхүү хэрэглэж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зааврыг сайтар дагаж мөрдөн ахуй амьдралдаа хэрэгжүүлэхийг мөн уриаллаа. Түүнчлэн нийт ард иргэддээ айж сандрах зүйл байхгүй болохыг тодотгон, хувийн ариун цэвэр, хувийн дэглэм, хувийн сахилга батаа улам бүр чангатган өндөр хариуцлагатай байхыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ