628 га талбайн хог хаягдлыг цэвэрлэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-09 08:59:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сум, ХХҮГ, НААҮГ хамтран бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Нийтийг хамарсан төслийн хүрээнд 250 иргэнийг түр ажлын байраар хангаж сумын нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн эзэмшлийн 628 га талбайн 1064 м3 хог хаягдлыг 16 машин техникээр цэвэрлэн, ачиж зайлуулан устгалд оруулсан байна.
Мөн нийтийн цэвэрлэгээний явцад үерийн далан, гуу жалга, гудамж талбайд хог хаягдал, үнс нурмаа ил задгай хаясан зөрчлүүд ихээр илэрч байгаа нь түймрийн болон үер усны болзошгүй аюулын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт ил задгай хог хаягдал хаясан тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд иргэнийг 50,000 төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 200,000 төгрөгөөр торгохоор тусгагджээ. 
Иргэн та үүргээ биелүүлж зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт ил задгай хог хаягдал, үнс нурмаа хаяхгүй байж, зөрчил гаргаж буй талаарх мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад (7037-102, 7037-1313, 7037-1212, 7037-3105) утсаар тухай бүр нь мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.

Холбоотой мэдээ