Тусгаарлалтад байгаа иргэдийн зарим нь төлбөр төлөхөөс татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-09 15:07:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд өнгөрсөн сарын 22, 23, 25-ны өдрүүдэд  97 иргэнийг тусгаарласан. Эдгээр иргэдийн 7 нь Орхон аймгийн харьяат бол ихэнх нь ОХУ болон бусад орнуудаас дамжиж ирсэн Улаанбаатар хот, Булган аймгийн иргэд юм. Эмнэлгийн тусгаарлалтын 14 хоног нь дууссан 77 иргэнийг тус цогцолбороос гаргаж үргэжлүүлэн 14 хоног гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

Ажиглалтын байрнаас гаргах зохион байгуулалтыг Орхон аймгийн Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн юм. Иргэдийг гаргахдаа гэрийн хяналтад ямар горим дэглэм баримтлах, хэрхэн өөрийгөө хянах зэргийг тусгайлан зөвлөж, зааварчилгаа өгчээ.

Зохион байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээлийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодруулахад: “Зарим иргэн төлбөр төлөхийг эсэргүүцэж байгаа нь маш их хүндрэл үүсгэж байна. Бид ажиглалтын байранд байрлаж эхлэх үеэс нь “Хайртай хүмүүсээ хамгаалъя” сэдэвт хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүхий л мэдээллийг багтаасан 21 хуудас бүхий зөвлөмжтэй цомог тарааж өгсөн. Тусгаарлалтад байх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах тухай зөвлөгөөнөөс гадна санал хүсэлт гаргах, төлбөр төлөх, холбоо барих гээд бүх дэлгэрэнгүй зааврыг ч тэндээс мэдэх боломжтой. Гэтэл зарим нэг хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирлаж байна. Төрийн байгууллага эрвийх дэрвийхээрээ үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед иргэний хариуцлага юу юунаас чухал. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч тархан, өдөр тутам халдварлагсад болон нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр өндөр хариуцлага, ухамсартай байж гэмээнэ эрсдэл багатай даван туулна гэдгийг анхааруулмаар байна” гэсэн юм.

Ажиглалтын байрны нэг хоногийн төлбөр том хүн 50 мянга, хүүхэд 25 мянган төгрөг төлөх юм. Үүнд зарцуулагдах эмнэлгийн үйлчилгээний 7 төрлийн зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргаж, төр болон орон нутгийн зүгээс зохицуулалт хийснээр нэг хүнд оногдож буй 130 мянган төгрөгийг 70-80 хувь бууруулан, 50 мянган төгрөг болгон хөнгөлөлт үзүүлжээ.

Холбоотой мэдээ