Сүхбаатар өртөө өргөтгөсөн ариутгалыг анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-09 16:19:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төмөр замын байгууллага нь 24 цагийн үйл ажиллагаатай, хөл хөдөлгөөн ихтэй, олноор бөөгнөрдөг эрсдэл өндөртэй аж. Өнөөдрийн байдлаар төмөр замын өртөөгөөр зорчигчийн болон ачаа тээврийн галт тэрэгний үйл ажиллагаа хэвийн өрнөж, хөдөлгөөнд оролцсоор байна. Иймд короновирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор нийт 1532 км зам, 14 сая орчим м.кв талбайд ариутгал халдваргүйтлийн ажил хийжээ.

Улаанбаатар төмөр замын Гамшгаас хамгаалах штабаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд ийн Сүхбаатар өртөөний бүх зам талбайг ариутгажээ. Энэ талаар УБТЗ-ын Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазар, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны хяналтын улсын байцаагч Б.Амаржаргал нар “Сүхбаатар өртөөний гол зам болон салбар замууд, мөн зорчигчийн тавцан хэсэгт бүтэн ариутгал халдваргүйтэл хийлээ. ОХУ-аас Сүхбаатар боомтоор дамжин өнгөрсөн галт тэргүүдийг тухай бүрт нь ариутгаж байснаас өөрөөр Улаанбаатар төмөр зам бүх хэсгээ хамарсан ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байгаагүй” хэмээн ярилаа. Энэхүү ариутгал халдвагүйтгэлийг хийхэд нийт 210 тн ариутгалын бодис хэрэглэсэн байна.   



Холбоотой мэдээ