Товлосон цагтаа ирээгүй гишүүний үг хэлэх эрхийг хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 16:42:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 


Дэгийн тухай хуулийн төсөлд онц байдал, дайны байдал, олон улсад хөл хорио тогтоох өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг УИХ цахим хуралдаанаар хэлэлцэх, энэ үед баримтлах дэгийг тусгасан юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав.


Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн хоёр саналаар санал хураан шийдвэрлэсэн юм. Тодруулбал, "Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүй товлосон цагт бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна" гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Мөн "Санал хураалтыг цахим хэлбэрээр, эсвэл гар өргөж явуулна" гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын дагуу Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр явуулж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ. Тус төсөлд, “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” хэмээн өөрчлөх санал гаргасныг олонх дэмжив. Уг саналтай уялдуулан "Гамшгийн тухай хуульд “олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэсэн агуулгатай нэмэлт заалт оруулахаар болсныг мөн дэмжлээ.


Ингээд Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Холбоотой мэдээ