“ОПЕК+” нефтийн олборлолтыг бууруулахаар тохиролцлоо

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-10 08:49:31

ЭР-РИЯД. /BBC/. Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд болон холбоотнууд /ОПЕК+/ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хэрэгжүүлж буй хөл хорионы улмаас нефтийн эрэлт буурсантай холбогдуулан олборлолтоо тавны нэгээс илүү хувиар бууруулахаар тохиролцжээ.


ОПЕК+”-ийн мэдээлснээр, нефтийн үнийг өсгөх зорилгоор тав, зургадугаар сард олборлолтоо өдөрт 10 сая торхоор бууруулахаар болжээ. Мөн нефтийн олборлолтын хэмжээг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл аажмаар нэмэгдүүлэх ажээ.


ОПЕК+” буюу “ОПЕК”-ийн гишүүн орнууд болон ОХУ тэргүүтэй холбоотон орнууд пүрэв гарагт цахимаар хуралдаж энэхүү шийдвэрийг гаргажээ. Хэлэлцээний үеэр ОХУ, Саудын Арабын талуудын хооронд санал зөрөлдөөн үүссэн байна.


ОПЕК+" өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 10 сая торхоор бууруулахаар тохиролцсон нь дэлхийн нефтийн нийт нийлүүлэлтийн 10 хувьтай тэнцэх юм.


Цаашид олборлолтын таналтыг аажмаар багасгах бөгөөд тодруулбал, энэ оны долоогоос 12 дугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээг найман сая торхоор, 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сая торхоор бууруулахаар тохиролцжээ.


ОПЕК+” өнгөрсөн гуравдугаар сард нефтийн олборлолтыг бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас нефтийн үнэ огцом унасан юм. Нефтийн үнэ гуравдугаар сарын эцсээр сүүлийн 18 жилийн хугацаанд бүртгэгдээгүй бага хэмжээнд хүрсэн билээ. Тухайн үеэс хойш нефтийн үнэ аажмаар нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 20 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээ