Казахстаны сурагчид зайнаас суралцаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-04-10 14:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов хичээлийн жилийг тасалдуулах, эсхүл хугацааг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам коронавируст халдварын тархалтаас шалтгаалан энэ оны 1-2 дугаар сараас танхимын сургалтыг зогсоож, цахим болон зайны сургалтад шилжсэн бусад улс, орны туршлагыг судлан өөрийн улсад тохирох хэлбэрийг сонгосон байна. Тус улсын сурагчид 2020 оны 4 дүгээр сарын 6-наас зайны сургалтад шилжиж, "Балапан" болон "Ел арна" теле суваг, "Қазақ радиосы" радио, "Казпочте" шуудан, Zoom зэрэг программыг ашиглан интернэт, тусгайлан зориулсан цахим хуудас, мессенжерээр дамжуулан хүлээн авч байна.

Телевиз, радиогийн сувгаар хичээлүүдийн цагийн хуваарийг олон нийтэд урьдчилан мэдээлдэг бөгөөд нэг теле хичээлийн үргэлжлэх хугацаа нь 10 минут байна. Эцэг эхчүүдийн хүсэлтээр телевизийн хичээлийг дохионы хэлний орчуулгатай болгож байгаа аж.

Хөдөө, орон нутаг, алсалсан бүсийн 100 хүртэл сурагчтай 1080 гаруй сургуулийн 60 мянган сурагч үргэлжлүүлэн уламжлалт танхимын сургалтад хамрагдана. Ердийн үед эдгээр сургууль нэг ээлжтэй байдаг бол коронавируст халдварын тархалт гарсан үед хоёр ээлжээр хичээллэнэ. Ээлж хооронд анги, танхимд агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх бөгөөд нэг ангийн сурагчид нэг л танхимд хичээллэж, өөр анги, танхимд орохгүй байхаар зохицуулжээ.

Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов үндэсний нэгдсэн шалгалт (ҮНШ)-ын хугацааг өөрчлөхгүй гэж мэдэгдэв. ҮНШ-ыг 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд зохион байгуулдаг бөгөөд тус улс дахь коронавируст халдварын тархалт газар авахгүй, нөхцөл байдал сайжирна гэж найдаж байгаагаа тэмдэглэн Үндэсний шалгалтын төвд хичээл тус бүрээр 70 тест боловсруулан өөрийн цахим хуудаст байршуулах үүрэг өгснөө дурджээ.

Бүгд Найрамдах Казахстан Улс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс онцгой байдал зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар COVID-19”-ийн 781 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ