МУИС үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартыг нэвтрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. МУИС үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандартууд нэвтрүүлснээ баталгаажуулж гэрчилгээгээ гардлаа.
МУИС суралцагч болон бусад сонирхогч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, үндэсний хэмжээнд баталгаажсан байр сууриа бэхжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх зорилготой юм.
МУИС-ийн мэдээлснээр, энэхүү үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлэх ажлыг 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн байна. Энэ оны 11, 12 дугаар сард “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар хөндлөнгийн баталгаажуулалтын II шатны аудит хийж, шаардлагад нийцсэн дүгнэлт гаргажээ.
Стандарт нэвтрүүлснээр МУИС менежментийн тогтолцоондоо чанарыг эрхэмлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сонирхогч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, учирч болох эрсдэлийг үнэлэн оновчтой удирдах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломж бүрдэж байгаа ажээ.
Тус сургууль нэгдсэн менежментийн тогтолцоог МУИС-ийн захиргаа, Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Инженер, технологийн сургуульд нэвтрүүлээд байна. Цаашид бусад сургууль, нэгжүүддээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Улаанбаатар