Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-11 19:45:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоор "Амны хаалтаа зүүцгээе" аяныг ирэх сарын 31 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 


Аяны хүрээнд, Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэхийн зэрэгцээ иргэд бие биедээ амны хаалт зүүх талаар сануулж, зөвлөж байхыг уриалахаар болжээ. Мөн амны хаалт зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх бөгөөд олон нийтийн эргүүл, байцаагч нарыг нэмж ажиллуулах аж. 

 

УОК өнөөдөр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор эх оронд нь татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Тус улсаас 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан ажээ. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлаж, ХӨСҮТ-ийн оношлуурын баг ажиллана.


Харин БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 17-нд тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Холбоотой мэдээ