Орос их гүрэн
МОНГОЛЫН МЭДЭЭ"ТАСС бүрэн эрхийнхээ дагуу мэдээлж байна" киног үзээгүй Монгол хүн үгүй биз ээ. Олон жилийн хамтын ажиллагаатай Орос улсын "ТАСС" агентлагийн урилгаар Москва, Санкт Петербургээр аялах алтан боломж сэтгүүлч надад тохиосон юм.
Улаан талбай, Кремлийн ордон Лениний бунхан, Останкиног үзэж, ТАСС-ын үйл ажиллагаатай танилцан, Алтан ганжир оройтой Петергоф, Екатрина хатны ордон, Исаакийвскийн сүм, Петропавловскийн цайзыг дэргэдээс нь харж хүний гараар бүтсэн гайхамшгуудыг биширч бахархаж явлаа.
Чингис хаан нисэх онгоцны буудлаас МИАТ компанийн Боинг-767 хөлгөөр агаарт 6 цаг 40 минутын турш нисч Шерметьево нисэх онгоцны буудалд газардснаар бидний аялал эхэлсэн юм.
Хил гаалийн шалгалтыг нэвтрэн гарч ирэхэд намирсан шаргал үстэй, өндөр гоолиг бүсгүй "ТАСС" гэсэн бичиг барьсаар биднийг угтсан нь тус агентлагийн Олон улсын харилцааны газрын ажилтан Ольга байв. Бид 6-8 машин зэрэгцэн явах өргөн замаар жирийлгэж "Космос" зочид буудлыг зорьсон юм. Замын хөдөлгөөн ихтэй ч түгжрэлгүйг харахад орос ах нар хот байгуулалтыг нарийн тооцоолж, төлөвлөснийг төвөггүйхэн харж болохоор...
Бид давхисаар нүсэр том шилэн "Космос" зочид буудалд тухлан саатсан юм. Буудлын харуул хамгаалалт чанга тусгай хаалгаар цүнх сав шалган нэвтрүүлэх нь яг л хил гаалийн шалгалтыг санагдуулам. Хамт яваа нөхөр маань нэлээн тамхи татдаг учир тамхилах гэж гарах тоолондоо шалгуулах, дэлгүүр ороод ирэх бүртээ шалгуулж өрөөндөө орох нь тээртэй ч төд удалгүй дасах нь тэр. Өнөөх террористуудын харгайгаар Москва хяналт шалгалтаа өндөрсгөсөн нь энэ аж. Гудамж талбай нь манайхан шиг нүд эрээлжлэм зар сурталчилгаагаар гоёогүй нь хотын өнгө үзэмжийг улам тодотгоно. Зөвхөн хаягаа хүний нүдэнд өртөхөөр байрлуулсан байв. Үсэг бичгийг гоёчлон элдэв марзан дүрсэн чимэглэл нь ч алга. Эгэлийн цаана их соёл, цэгц журам байгаа нь харагдана. Гэрэл дохиогоо хүртэл ухаан зарж хийжээ. Явган зорчигч дохионы цагийг харж замын хөдөлгөөнд оролцох боломжтой аж. Урин дулаан цаг ирснийг илтгэх мэт энд тэндгүй тохижилтын ажил өрнөжээ. Том ёмкостой зориулалтын усны машин байшин, барилгуудаа шүршиж угаах нь анхаарал татна. Хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан эдгээр машинууд замуудаа чийгшүүлж цэвэрлэж харагдав.
Очсон даруйдаа буудлын ойр ойрчинтой танилцаж явахад Оросын төв телевиз Останкино, ВДНХ холгүй харагдана. Цаг хугацааг ашиглаж хөтөлбөрт тусгаагүй ч бид телевизийн өндөрт гарсан юм. Өнөөх шалгалт, нэгжлэгийг хийлгэж 2000 рублиэр Останкинод аялах эрхтэй болов.
Оросын гол бэлэг тэмдгийн нэг 540 метрийн өндөртэй энэхүү байгууламжийн 337 метрт цахилгаан шатаар гарч, орой дээрээс Москва хотыг бүхэлд нь тольдов. "Москва Сити" гэх өндөр барилгуудын цогцолборыг харсан бөгөөд энд толгой баячуудын компани байрладаг гэнэ. Орчин үеийн барилга байгууламжаас илүүтэй цэцэрлэгт хүрээлэнгүүд нь их хотын сүр хүчийг илтгэж байв.
Останкиног 1967 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр улсын комисс хүлээн авснаар ашиглалтад орж эдүгээ цамхагийн тусламжтай радио, телевизийн бүх нэвтрүүлгүүдийг Орос орны өнцөг булан бүрт шууд дамжуулж байна. Хөтөч бүсгүй, инженер Николай Никитины төслөөр архитектор Леонид Баталов, Дмитрий Бурдин нарын бүтээл өнөөг хүртэл Дэлхийн шилдгүүдийн нэг хэвээр байгаа юм. Останкино цамхаг нь дэлхийн хамгийн өндөр Канадын Торонто хот дахь 553 м өндөр “Си Эн тауэр”–ийн дараа хоёрт ордог. Цахилгаан шатаар дээд давхарт нь гарахад 42 секундыг зарцуулна хэмээн тайлбарлав.
В.Ленин, И.Сталинтай гар барьсан минь
Аяллын маань хамгийн содон зүйл нь Москвагийн Улаан талбай. Орос гүрний түүх дурсгалын бүхий л үйл явдлын гэрч болсон энэхүү талбай нь XV-р зууны үеийн Кремлийн хана, 1552 онд догшин Иван хааны зарлигаар барьсан үнэн алдартны шашны Гэгээн Василийн сүм, 1882 онд босгосон Москва хотын анхны баримал болох Пожарскийн хөшөө, Лениний бунхан, Кремлийн ордон зэрэгтэй хаяа нийлсэн, цогцолбор нь анх удаа Москвад хөл тавьж буй сэтгүүлч надад сонин содон байв. Мөн Улсын түүхийн музейд зочилж домогт Спасскийн цамхагт хаалга, Эзэн хааны их буу, Хаан хонх зэргийг үзсэн нь Москва хотод зочилсон хүн бүрийн хамгийн түрүүнд очдог газрын нэг юм. Орос улсын хамаг сонин, хачин амьдрал Улаан талбай дээр харагддаг гэвэл буруудахгүй. Биднийг Ленин, Сталинтай адилхан нөхдүүд угтаж гар барин хамт зургаа татуулахыг урьсан юм. Үнэхээр дургүйцэхийн аргагүй санал байв. Энэ хоёр хүнд тус бүр нь 200 рубль, зурагчинд 300 рубль төлж зургаа татууллаа. Бидний араас автобус дүүрэн хятад, японы жуулчид дээрх хоёр нөхөртэй бүгд зургаа татуулсан. Энэ өдөр орчин цагийн Ленин, Сталины түрийвч нэг өдрийн дотор л гэхэд нэлээд түнтийх шиг болсон доо. За тэгээд хүн чинь өөрийнхтэйгөө л жишиж боддог юм билээ. Манай талбай дээр гадны зочид ирээд Чингис, Сүхбаатарын хөшөөнөөс өөр юу үзэх билээ хэмээн санаа зовинов.
Мэдээллийн галын фронт ТАСС
ОУХГ-ын захирал Олег Островидов, ТАСС-ын Ерөнхий редактор Марат Абулхатин
-Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчдийг ТАСС-ын ерөнхий редактор Марат Абулхатин, Олон улсын харилцааны газрын захирал Олег Островидов, Ёслолын хэлтсийн дарга Сергей Киценко нар хүлээн авч уулзан найрсаг дотно яриа өрнүүлэв. Энэ үеэр ТАСС-ынхан нэг хэсэг тасалдаад байсан сурвалжлагчийн салбараа Монголд албан ёсоор нээх болсноо дуулгав. 6 дугаар сар гэхэд ТАСС-ын Монгол дахь сурвалжлагч ирнэ гэлээ.
Миний мэдэхээр Монгол улсад хамгийн олон жил ажилласан гадаадын сэтгүүлч хэмээн яриа авч байсан Ким Борисович Болдохонов гуайг сургалахад өдгөө гавьяаны амралтаа эдлээд энх тунх амьдарч байгааг дуулгав. Хоёр агентлагийн сэтгүүлч солилцооны буянд олон сэтгүүлч харилцан бие биенээрээ зочилж Монгол, Оросын талаарх аян замын тэмдэглэл, мэдээ, мэдээллээ уншигч түмэндээ хүргэж, гүүр болсныг дурдууштай.
ТАСС анх Санкт-Петербургийн цахилгаан холбооны агентлаг нэрээр 1904 оны есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэмээн үздэг. 112 жилийн настай ТАСС агентлаг нь Оросын мэдээллийн орон зай төдийгүй олон улсын талбарт нэр хүндтэй байр суурь эзэлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт тус агентлагийн 70 гаруй салбар, сурвалжлагч ажиллаж газар дээрээс нь үнэн шуурхай мэдээллийг хүргэдэг.
Олон улс болон нийгмийн харилцааны албаны дарга О.Олег бидэнд агентлагийнхаа үйл ажиллагааг танилцуулсан. Бусад мэдээллийн агентлагийн жишгээр өндөр хурдаар ажиллах нь тэдний нэн тэргүүний зорилт. 24 цагийн турш хоёр ээлжээр ажилладаг тус агентлаг 1500-1800 ажилтан албан хаагчтай. Жинхэнэ мэдээллийн галын фронт гэлтэй. Тасралтгүй утас жингэнэж чихэвч зүүсэн бүсгүйчүүд 10 хуруугаар гадна дотноос ирж буй мэдээ, мэдээллийг маш түргэн шивэхэд редактор голыг нь авч шууд мэдээлж байв. ТАСС-ын ажилтан албан хаагчдын дийлэнх нь залуус, жендэрийн хувьд эмэгтэйчүүд зонхилно. ТАСС-ын залуус хоорондоо их гэрлэдэг гэнэ. Тэд гарах завгүй, учир хоорондоо гэрлэдэг хэмээн хошигносон. Тус агентлаг нэлээн олон хэвлэмэл материал эрхлэн гаргадаг байна. Үүн дотроос гадаад, дотоодын лавлах, товхимол хэвлэдгийг Орос орон даяар авч хэрэглэдэг нь сонирхол татсан. Түүхийн хуудсанд тус агентлаг нэр усаа хэдэнтээ өөрчилсөн ч үйл ажиллагааны чиглэлээсээ хазайлгүй ажиллаж иржээ. ИТАР-ТАСС гэж байсан бол одоо зөвхөн "ТАСС" хэмээн нэрийдэх болсон. Мөн тус агентлаг дэргэдээ телестуди байгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа гэв.
Оросуудыг хэдэн үеэр нь тэжээх Их хааны хот
Аяллын 4 дэх өдөр бид 1 сая гаруй хүн амтай дэлхийн хамгийн хойд захын хот Санктпетербургт анх удаа хөл тавив. Дэлхийн жинхэнэ сайхан хотын нэг гэдийг мянгантаа сонсож байснаа нүдээр үзэж батлав. Үнэхээр Их Петр хааны ордны орой гэхэд л гадна талдаа 100 кг алт, дотор талын чимэглэл 300 кг алтаар гоёсон, тэр чигээрээ урлагийн бүтээл, архитектурын гайхамшиг гэлтэй.
Ордны гадна талын Цагаан чулуун баганууд, ханан дээрх оюу цэнхэр өнгийн сүлжмэл хээ хуар болон эртний уран баримлуудын үлэмж төгс зохилдлого. Энэ бол Петергоф.
Петергоф харш нь эхнээсээ зочин гийчний анхаарлыг татахын тулд баригдсан гэлтэй. Үүднээсээ тухайн үеийн бэлгэдэл болсон алтадмал уран баримлууд тосно. Таазан дахь хосгүй уран зургуудын дундаас хатан хаан Елизавета Хавар авхайн дүрд хувиран, ирсэн зочдыг шатаар дээш гарахыг урих мэт ширтэнэ. Петергофын их танхим нь түүхийн хосгүй музей гэж тооцогддог бөгөөд эндхийн цуглуулганд 3500 гаруй үзмэр байдаг аж.
Хатан хааны үдийн цайны ширээ, Хатан хаан Елизавета
1000 гаруй танхим, тасалгаа нь хааны гэр бүлийн өдөр бүр зохиодог дээдсийн бүжгийн түүхэн гэрч юм. Ням гаригийн үдэш ордны бүх 1945 цонхны цаана олон зуун лааны гэрэл асна. Цонх бүр нь өөрийн өвөрмөц чимэглэлтэй. Дээвэр дээрх сүр жавхлантай барималууд гээд тоочоод баршгүй.
Дэлхийн хамгийн баян музей
Эрмитаж Алдарт Даная
Хүн төрөлхтний түүх соёлын гайхамшгийг харуулах Эрмитажийн музей. Соёл иргэншлийн үнэт өв сан төдийгүй өөрөө түүхийн нэгээхэн хэсэг. Санкт-Петербург хотын төвд, Нева мөрний эрэгт байрлах Эрмитажийн музей 6 томоохон барилгаас бүрддэг.
1754-1762 оны үед барокко урсгалын нэрт төлөөлөгч Растреллийн архитектороор анхны хэсэг буюу Өвлийн ордон босч байжээ. Музей байгуулагдсан түүх яах аргагүй хатан хаан II Елизаветатай холбоотой. 1754 онд хатан хаан шинэ өргөөтэй болохыг хүссэнээр их барилгын ажил 8 жил үргэлжилсэн гэдэг. Хатан хаан хүссэн ордондоо удаан амьдарч чадаагүй юм. Учир нь ордон III Петр хааны эрх мэдэлд шилжжээ. II Екатерина хатан хааны хувьд шинэ ордонд жинхэнэ утгаар нь амьдарч байсан хэмээн тайлбарлагч хэлсэн.
4000 шахам ажилчин өдөр шөнөгүй ажиллаж байж энэ ордонг босгожээ. Ёслолын танхим, өрөө тасалгаа л гэхэд Өвлийн ордонд 460 гаруй байдаг гэлээ. Хаана ч байхгүй тансаг эдлэлийг чухам энд л тавьсан байна. Эрмитажийн музейн анхны үзмэр мөн л хатан хаан II Екатеринатай холбоотой.1764 онд хатан хаан ордноо чимэхээр Берлиний худалдаачин Гоцковскийн цуглуулгыг худалдан авсан бөгөөд 225 уран зургийн дийлэнх нь Голланд, Фламанд, Италийн зураачдын бүтээл байжээ.
Эрмитаж 250 гаруй жил оршин тогтнохдоо түүхт олон үйл явдлын гэрч болсон. 1837 он Эрмитажийн хувьд хар жил байсан гэж хэлж болно. Урьд хожид байгаагүй түймэр гарч, түүхийн ховор нандин бүтээлүүд галын дөлөнд хайлсан гэдэг. 1837 оны 12-р сарын 17-ны өдөр ассан гал бүхэл бүтэн 30 цаг дүрэлзжээ. Азаар Өвлийн ордноос хальж, гал түймэр өөр газар хүрсэнгүй. I Николай хаан ч тэр дор нь зарлиг буулгаж, Өвлийн ордонг сэргээн засварлах ажил эхэлжээ. 15 сарын дотор буюу 1839 оны улаан өндөгний баяр гэхэд цоо шинэ өнгө төрхтэй болсон Өвлийн ордон эзэн хааны өмнө хаалгаа нээжээ.
Өвлийн ордонд үе дамжин амьдарч байсан хаад янз бүрээр л орон байраа засч өөрчлөн, бас хандах хандлага нь ч өөр өөр байсан байна. Дэлхий дахинд үргэлжилсэн дайны хөл Эрмитажийг ч тойрч гарсангүй. Дэлхийн II дайны үед бөмбөгдөлт, буудалцааны хөлд өртөн их хэмжээгээр сүйдсэн. Гэхдээ л өнөөдрийн Санкт-Петербург, тэр үеийн Ленинградчууд бүслэлтэд байсан ч Эрмитажийг бидний үе хүртэл хамгаалж чадсан гавъяатай. 1945 оны 11 дүгээр сарын 5. Эрмитаж дахин мэндэлсэн өдөр. Юун түрүүнд эртний эд зүйлсийн танхим. Эрмитажийн музейд энэ цаг үед хамаарах 106.000 эд өлгийн зүйл байдаг гэлээ. Бүгд эртний Грек, Итали, Ром, хар далайн эрэг орчмоор нүүдэллэн амьдарч байсан ард иргэдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс юм. Тэдний анхдагч нь МЭӨ 3000 жилд хамаарна. Хамгийн сүүлийнх нь МЭ 4000 жилийн үед бүтээгдсэн уран баримал, зураг байдаг. Грек, Италийн урчуудын гараар бүтээгдсэн ваар сав л гэхэд 15.000, үнэт чулуугаар хийсэн 10.000 гаруй хосгүй үнэт бүтээл байдаг. Ойролцоогоор 120 гаруй уран зураг, хөшөө байдаг. Үүн дээр их хаадын үеийн зэр зэвсэг, хувцас хэрэглэлийг нэмбэл маш их тоо гарна хэмээн тайлбарлагч Татьяана хэллээ.
Санкт-Петербургээс 25 км зайтай их зохиолч Пушкины нэртэй жижигхэн хот байдаг юм. Өмнө нь энд Оросын хаадын хотын гаднах харшийн ордон байсан бөгөөд Царское село буюу хааны тосгон гэж нэрийджээ. 1937 онд эндхийн нэрийг сольж их найрагчийн нас барсны 100 жилийн ойд Пушкин гэж нэрлэжээ. Бодлогошронгүй зогсох найрагчийн уран баримал тус хот руу ирэх зочдыг тосон угтах мэт.
Янтарная комната Царское село
Царское село хотхонд үлгэрийн юм шиг нэгэн сайхан цайз байх нь Екатеринагийн ордон юм. Гялалзан харагдах алтан хана туурга, янтарная комната буюу хуван өргөө үнэхээр сонирхлыг минь гойд их татав. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэрхүү хуван өрөөний чимэглэл тэр чигээрээ ор сураггүй алга болсон бөгөөд Санкт-Петербург хотын 300 жилийн ойгоор дахин бүрэн сэргээсэн.
Хүүхдүүдийн нүднээс Аугаа Орос орноороо бахархах сэтгэл төрж буй нь илт
Ийнхүү аугаа Орос орны хоёр гол хотоор аялж юм үзэж нүд тайлж явахдаа түүхийн гэрч болсон арвин баялаг эд өлгөө, үүх түүхийн бичиг баримт, урлаг соёлын бүтээлүүдээ аминаасаа ч илүү нандигнан авч үлдэж чадсан гайхамшигт ард түмнээр бахархах сэтгэл төрж байв.
Аугаа Орос улсын хаад өөр, өөрийнхөөрөө орд харшаа сүндэрлүүлж ирээдүй хойчдоо хэдэн үеэрээ хүртэх өв хөрөнгийг үлдээж чаджээ. Дэлхийд гайхагдах энэ бүтээлүүдийг гадны улс орны хэдэн зуун мянган зочин гийчид, жуулчид үзэх цуваа хөвөрсөөр байна.
Аялал жуулчлалыг жинхэнэ утгаараа татаж чадаж байна. Бас нэг ажиглагдсан зүйл бол Дотоодын зорчигчдын дийлэнх нь хүүхдүүд юм уу гэлтэй. Хаана ч очсон бага, дунд ангийн хүүхдүүд хэсэг бүлгээрээ музей үзэж багш нар нь үүх түүхээ тайлбарлаж байгаатай таарна. Энэ бол нийгмийн гүн дэх өсөлт хөгжилтийн дүр зураг, үндэсний бодлого, зорилгын илрэл. Ирээдүй хойч нь Орос оронд төрснөөрөө бахархах үзэл сууна. Эх орноо чин сэтгэлээсээ хайрлана. Дайны хүнд жилүүдэд эрчүүд нь бүгд дайнд зөвхөн бүсгүйчүүд Эрмитаж, Хааны ордны үнэт үзмэр, эд өлгөө авч үлдэх гэж Сибирь рүү зөөж, өдөр шөнөгүй ажиллаж сэргээн засч өнөөдөр та бүхэнд үлдээжээ хэмээн тайлбарлах багшийнхаа яриаг нүд цавчилгүй сонсох хүүхдүүдийн нүднээс Аугаа Орос орноороо бахархах сэтгэл төрж буй нь илт байв.
Тэмдэглэл бичсэн Д.Догсом
Гэрэл зургийг Ч.Эрдэнэ