Сонгдо эмнэлэгт болсон үйл явдал бидэнд том сургамж болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-04-15 11:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2020.04.14/ "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт болсон үйл явдал, дэлхий нийтийг түгшээгээд байгаа короновирусний халдварын тархалтаас Монгол Улсынхаа хэмжээнд бүрэн хяналтандаа авч чадсан гэдгээрээ бид бусад улс орноос давуутай ч хэрвээ дотоодод энэ аюул гэнэт нүүрлэвэл яг яаж ажиллах, ямар шуурхай шийдвэр гаргах талаар туршлагагүй байгааг харуулж том сургамж болов.


“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр /2020.04.14/ 16.51 минутад ЭМЯ-наас мэдээлсэн. Харин түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж  /01:45 цагт/ тус яамнаас албан ёсоор мэдээлсэн юм.



Өнөөдрийн хувьд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусний халдвартай хүмүүсээ бид бүрэн тусгаарлан, өндөр түвшинд эмчилж, хянаж чадаж байгаа. Харин бид болзошгүй аюул нүүрлэх үед хэрхэн ажиллах, шуурхай хэмжээ авах талаар нэгдсэн журам, заавар гаргасан байх ёстойг энэ тохиолдол сануулж, анхааруулсан сургамж болсныг иргэд ч саналаа дэвшүүлж байна. Сонгдо эмнэлэгт болсон өчигдрийн үйл явдлын дэргэд байсан иргэний сэтгэгдлийг хүргэж байна.



Иргэн Ш.Баранчулуун: ”Өчигдрийн сургамж. Сонгдо эмнэлэгт “Covid 19” халдварын сэжигтэн илэрч их багагүй сандралдах үед би тэнд байж таарав. Хөндлөнгийн хүний өөнтөгч нүдээр харахад, хэрэв үнэхээр халдвар дотроосоо тархаад эхэлвэл бид хаана хаанаа бэлтгэл дутуу, энэ нөхцөлд ажиллах арга барил маань хангалтгүй л харагдаж байна. Сэжиг илэрлээ гээд эмнэлэгт байсан бүх улсыг үг сүггүй л хөөж гаргаад гадна хаалгаа цоожилчих юм. Хаалганы гадна талдаа хамгаалалтын бүс татаж, анхааруулгын тэмдэг тавьж, харуул хамгаалалт ч гаргасангүй. Нөхцөл байдлыг мэдээгүй улсууд ирээд хаалганы бариулаас татаж, шилээр нь шагайж баахан эргэлдэх юм. Хэрэв үнэн бол, нөгөө гайхал вирус чинь энэ мэтийн гялгар цалгар гадарга дээр хамгийн сайн наалдаж хэд хонодог гээ биз дээ. Гэтэл сохор нохой дүйвээнээр гэгчийн үлгэрээр зэргэлдээ орших нэгдүгээр эмнэлэг дотор байсан бүх хүмүүсийг хэдэн нөхөд хөөж гаргаад, хар хувцастай нэг нөхөр гол хаалгыг дотроос нь цоожилчихов. Юу болоод байгааг хэлж тайлбарлах хүн ч байхгүй. Өвчтөнтэй уулзах, эм тариа дөхүүлэх, эргэлт оруулах, эмчид үзүүлэх гэсэн олон хүн үүдний гадна дэмий л шавааралдана. Бас л нөгөө үл ойлгогдох нууцлаг байдал. Бид ч юмыг нууж хаахдаа тун дуртай улс юмаа. Онцгой байдлынхан, цагдаа нар нь завгүй, эсвэл тушаал өгөөгүй гээд ирдэггүй юм гэхэд эмнэлгийн удирдлагууд санаачлаад гадна талдаа хамгаалалтын бүс байгуулж, жижүүр гаргаж, нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулах ажлыг огт хийсэнгүй. Халдварын голомтод байсан улсуудыг яаран хөөгөөд гаргадаг нь зөв үү. Голомтын орчны тусгаарлалт, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хэзээ, яаж хийх юм. Бодмоор, шийдмээр олон асуудлууд хариултаа хүлээж байх шиг санагдлаа. Алба ажил хашиж байгаа улсууд энэ бүхнийг анхаарч үзээсэй билээ. Өчигдрийн сургамж маргаашийн эрсдлээс хамгаалдаг гэдгийг сануулах гэж мунхагласанд өршөөгөөрэй” хэмээжээ.


Холбоотой мэдээ