Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 776 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-16 22:00:59

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдаж 24 суманд 747 түр болон байнгын ажлын байр шинээр бий болгох зорилгоор 776 сая төгрөгийн эх үүсвэрийг баталсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг төслийн хүрээнд ажлын байр дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сумын 48 иргэнд олгохоор болжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих 48 сарын хугацаатай 50 хувь нь эргэн төлөгдөх нөхцөлтэй 2.5 сая төгрөгийн зээлийг 18 сумын 30 иргэнд олгоно.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 11 сумын 11 залуучуудын бүлэгт олгохоор болжээ. Залуучуудын нэг бүлэг нь таван гишүүнтэй байх ёстой аж. Харин ахмад  мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хүүгүй, 24 сарын хугацаатай гурван сая төгрөгийг долоон сумын найман иргэнд олгохоор болжээ. Энэ нь зөвхөн бизнес эрхэлж буй ахмадуудад олгогдох юм.


Зудын эрсдэлтэй сумдын малчдын төслийг нэн тэргүүнд шалгаруулна

Завхан аймагт малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах арга хэмжээнд 16 сумын 48 малчныг хамруулан 215 сая төгрөг зарцуулж, 92 ажлын байр бий болгохоор болжээ.

Ялангуяа дээрх хөтөлбөрт өвөлжилт, хаваржилт хүндэрч малын хорогдол ихтэй сумдын малчдыг түлхүү хамруулахаар болсон байна. Мөн нийтийг хамарсан ажилд 18 суманд 28 төсөлд 95.2 сая төгрөгийг зарцуулна. Ингэснээр 430 ажлын байрыг бий болгоно. Үлийн цагаан оготнын тархалт ихтэй есөн суманд оготно устгалын ажлыг энэ төслийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.

Ташрамд, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь 39 хүртэлх насны малчдыг малжуулах төсөл юм. Залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм.

 

Зөвлөх үйлчилгээний төслийг хүн амын тоо харгалзан шалгаруулна

Завхан аймагт ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд зориулж 17 сумын 20 ахмадыг хамруулж 16.8 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, төрийн захиргаа чиглэлээр ахмадууд зөвлөгөө өгдөг байна. Тухайн төслийг хэрэгжүүлэх сумдыг сонгохдоо тухайн сумаас ирүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний саналыг үндэслэнэ. Мөн өмнөх жилүүдэд тухайн төслийг хэрэгжүүлж үр дүнд хүрсэн байдал, ирүүлсэн тайланг нь харах аж. Түүнчлэн эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн эргүүлэн төлсөн дүн, хугацаа хэтэрсэн эсэх. Тухайн сумын хүн амын тоо, тухайн бүлгийн иргэдийн эзлэх хувь, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал зэрэг үндсэн таван үзүүлэлтийг тус тус харгалзан үзэж дэмжлэг үзүүлэх юм байна.

Ташрамд, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр нь хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Энэ нь ахмадууд тэтгэвэрт гарсан ч гэсэн бизнес эрхэлдэг. Эдгээр бизнес эрхэлдэг ахмадуудын бизнесийг өргөжүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх арга хэмжээг хэлж буй юм. Харин ахмад мэргэжилтнээр зөвлөгөө өгүүлэх хөтөлбөр гэж бий. Энэ нь тухайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбартаа мэргэшсэн, туршлагатай ахмадуудаар шинэ залуу боловсон хүчнийг сургах ажлыг тухайн байгууллагатай нь гэрээ хийх үндсэн дээр сургалт зохион байгуулах үйлчилгээг хэлж буй юм хэмээн аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

 

Төслийн зарыг иргэдэд ил тод хүргэх чиглэл өгөв

Завхан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн хурлын үеэр ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлтэй холбоотой аймгийн Засаг дарга Д.Батсайхан сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгчээ.

Тухайлбал төслийн талаарх мэдээллийг олон нийтэд сайтар түгээх. Хариуцсан төрийн албан хаагчдаараа дамжуулан айл өрх бүрт мэдээлэл хүргэж, ард иргэдийг оролцох боломжоор хангах. Мөн төслийн шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах. Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийг хуралдуулж ирүүлсэн төслүүдийг нэг бүрчлэн хэлэлцүүлж шийдвэрлэх. “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” зорилттой тус төслийг уялдуулж, ажлын байрыг бэлтгэн, тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг эхний ээлжинд дэмжих төсөлд хамруулах. Түүнчлэн амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэсэн төслүүдийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээрээ дамжуулан ХХҮГ-т ирүүлэхийг тус тус үүрэг болголоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ