Зорчигчийн вагонууд байгаль орчныг бохирдуулсаар байх уу?

Монголын мэдээ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-16 20:52:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ийн зорчигчийн вагонууд байгаль орчныг бохирдуулж, хүрээлэн буй орчны эрүүл ахуйд аюул учруулсаар байна. 


Тодруулбал, зорчигчийн 276 вагоны 90 орчим хувь нь 1962 оноос хойш үйлдвэрлэсэн буюу дэлхийн хөгжлөөс хэдийн хоцорсон энгийн бие засах өрөөтэй аж. Өөрөөр хэлбэл, бие засах өрөө нь ялгадсыг шууд гадагш хаядаг технологитой юм. Хоцрогдсон энэ технологи байгаль орчныг бохирдуулахын зэрэгцээ өвлийн улиралд хөлдөж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс гадна зорчигчид хот суурин, өртөө зөрлөгүүдэд бие засах бололцоогүй зэрэг сул талтай юм. 



УБТЗ-ын хамт олон 2019 онд зорчигчийн хоёр вагоныг явуулын эмнэлгийн амбулатори болгон өөрчилж тоногложээ. Ингэхдээ, эмнэлгийн тусгай хог хаягдлыг хадгалах бохирын савыг өөрсдийн нөөц боломжийг ашиглан хийсэн байна. Мөн зорчигчийн нэг вагоныг тусгай зориулалтын вагон болгон өөрчилж тоноглож байна. Үүнд эко бие засах өрөө хийхэд 90 сая төгрөгийн зардал шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хуучирсан вагоныг ингэж тоноглох нь эдийн засгийн хувьд зардал ихтэй, төгс шийдэл биш юм. Тиймээс зорчигчийн ая тухтай аялах нөхцөлийг хангасан, эко бие засах өрөөтэй, вакумжсан орчин үеийн вагоноор паркаа шинэчлэх нь зүйтэй гэдгийг УБТЗ-ын Зорчигчийн вагоны засварын орлогч дарга Б.Батдэлгэр онцлов.



Угаас зорчигчийн вагоныг ашиглах хугацаа 28 жил байдаг ч УБТЗ-ын вагонуудын дийлэнх нь дээрх хугацааг аль эрт хэтрээд байгаа юм. Тодруулбал, таван жилээр хугацаа нь хэтэрсэн 46 вагон байгаа бол 34-37 ашигласан 57 вагон байна. Харин 38-40 жил ашигласан 35, 41-ээс дээш жил ашигласан 65 вагон байна.

Хуучирсан ч "өвгөн" вагоныхоо аюулгүй байдлыг хангахад нэг вагонд 75 сая төгрөгийн урсгал зардал төсөвлөдөг. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эд ангийн засвар, цахилгаан тоноглол, усан хангамжийн систем, дотоод тоноглолын засварт зарцуулагддаг. Энэ байдлаар хуучирсан вагоныхоо эдлэх хугацааг сунгаж иржээ.




УБТЗ орчин үеийн вагоноор паркаа шинэчлэх шаардлагатай ч тарифын алдагдалтай ажилладаг тул ийм боломж байхгүй. Зорчигчийн тээвэр гэхэд л жилдээ 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Учир нь УБТЗ нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэдэг. Тэгвэл нэг зорчигчийн нэг километр тээвэрлэх бодит өртөг нь 52 төгрөг гэсэн тооцоо байна.


Тиймээс тарифыг нэмснээр орлого, зарлагын балансыг барихаас гадна суудлын вагоноо шинэчлэх боломж гарна гэдгийг албаныхан тэмдэглэдэг. УБТЗ нь компани биш учраас тарифыг нь төрөөс тогтоодог. Хувь нийлүүлсэн нийгэмлэг гэсэн статус Монгол Улсын аль ч хуульд байдаггүй нь энэ салбарын хөгжлөөс хоцрох шалтгааны нэг болоод байна.


Жишээ дурдахад, УБТЗ-ын зорчигч тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2007 онд 16, 2014 онд 15 вагон шинээр худалдан авчээ. Эдгээр нь вакум ажиллагаатай, эко жорлонтой байдаг аж. Тухайлбал, доор зураг дээр байгаа 2014 онд орж ирсэн Москва-Улаанбаатар чиглэлд үйлчилдэг орчин үеийн вагон вагон нь 800 литрийн багтаамжтай бохир хадгалах савтай, түүнийгээ зориулалтын автомашинаар соруулах технологитой юм байна. Хуучин вагоноо засварлаад, ашиглах хугацааг нь хэтрүүлж байгаа улс манайхаас өөр хаана ч байхгүй юм.



Холбоотой мэдээ