УБТЗ-ын өчигдөр, өнөөдөр, ирээдүй

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-04-20 17:54:22

Монгол улс төмөр замтай болсноос хойш 70 жил өнгөрчээ. Ийм замтай болох нөхцөл шалтгаан тухайн үед зайлшгүй байсан нь ойлгомжтой. Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ыг байгуулах үйл явдал түүхийн ээдрээтэй цаг үетэй давхацсан байдаг. Түүнийгээ дагаад олон янзын тайлбар гардаг. Тэдгээрийг тус бүрт нь авч үзэх өөр өөрийн өнцөг байж болох юм. Тэр бүхнийг орхиод өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсэн дээр УБТЗ-ыг авч үзэх хэрэгцээ, шаардлага байна.


Хоёр улс (Монгол улс, ОХУ)-ын   хувь нийлүүлсэн нийгэмлэг хэмээх их айлын өнөөдрийн нөхцөл байдал, дүр төрхийг гаргаж ирэхийн тулд эхний ээлжинд хэдэн тоо баримт шүүрдэн үзье. УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар ажиллаж байгаа аж. Мөн Замын даргын шийдвэрээр ээлжийн амралтын хоорондын зай 6 сар байсныг 4 сар болгосноор нийт ажилтны 28 хувь нь амралтаа авчээ. Харин үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон нийгмийн салбарын ажилчдаа 75 хувиар цалинжуулж байгаа гэж тус нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж хэвлэлд ярьжээ. Энэ бол "Ковид-19" цар тахалтай холбогдон ажлын байрыг хадгалахаар гаргасан шийдвэр аж.


Оны эхний гурван сард зорчигч тээврээс 1,7 тэрбум, ачаа тээврээс 16 орчим тэрбум төгрөгийн алдагдал УБТЗ хүлээжээ. Санхүү ингэж хүндэрсэн  цаг үед тэд цомхотгол хийж болох байсан. Гэвч энэ замыг сонгосонгүй. Цаг үетэй нь (цар тахалд) тохируулж  шинэ зохион байгуулалт хийж ажлын байраа хадгалахад анхаарсан байна.


Гэтэл УБТЗ өнөөдөр яг ямар байдалтай байна гэхээр, ачаа тээврийн вагоных нь 46.6 хувийнх нь ашиглах хугацаа дуусжээ. УБТЗ-ын хувьд өдөр бүр ачаа тээвэрт 46, хүн тээвэрт 12 зүтгүүр ажиллаж байгаа аж. Энэ нь дээрх хоёр төрлийн тээврийг тасралтгүй явуулахад хангалтгүй үзүүлэлт. Өдөр бүр бүрэн дүүрэн жигд ачаалалтай ажиллах ёстой гэж үзвэл дээр ажиллаж байгаа зүтгүүр дээр нэмээд 8-10 зүтгүүр хэрэгтэй юм билээ. Зүтгүүр дутагдаж байгаа үзэгдэл нь олох орлого буурч байгаа нэг хэлбэр. Зүтгүүрээс гадна хүн тээврийн вагоны хүрэлцээ тааруухан байгаа юм билээ. Энэ төрлийн вагоныг ашиглах хугацаа 28 жил байдаг. Гэтэл УБТЗ-д ашиглагдаж байгаа энэ төрлийн вагоны 16.7 хувь нь таваас дээш жилээр ашиглах хугацаа нь хэтэрчээ. Ашиглалтын хугацаа хэтэрсэн хүн тээврийн вагоны хамгийн өндөр настай нь энэ жил 57 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байх жишээтэй. Эдгээрийг шинэчилж, стандартыг мөрдүүлэх ёстой. Гэвч санхүү нь хязгаарлагдмал байгаа гэнэ. Хэрэв эдгээр дутагдал, хомсдолоос УБТЗ ангид байсан бол тус салбар ажилтнуудынхаа амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах чиглэлээр төмөр замчдад наалдацтай арга хэмжээг дээрхээс өргөн хүрээнд авах байсан болов уу?


Их айл (вант улс) бий болсон цагаасаа өнөөдрийг хүртэл дандаа гачигдах дутагдах зовлонтой  байсан биш юм билээ. Ийм учраас төмөр замчдад хийж бүтээж, ашиг орлого арвинтай явсан цаг үе байна.  Тэр цагийг эргэн дурсах хэрэгтэй. Сайхан цагаа дурсана гэдэг нь ирээдүйгээ гэгээнээр төсөөлөхийн эхлэл байж болно. Энэ талаар амьд гэрчийн турссан нэгэн сайхан түүхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

“Д.Моломжамц гуай (Улс төрийн товчооны гишүүн агсан) Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байхдаа 1958 онд тусламж гуйхаар БНХАУ очсон юм билээ. Тэр санаагаа тухайн үеийнх нь удирдлагад танилцуулахад өөдөөс нь "Та нар манайхаас зээл тусламж өгөөч гээд байх юм. Харин эсэргээр манайх танайд валютын их өртэй шүү дээ" гэж хэлсэн юм. Тэр нь төмөр замын  тээврийн буюу дамжин өнгөрч байсан ачааны манайд орох орлого байжээ. Түүнийг нь Д.Моломжамц гуай ирээд Оросын талтай яриад төмөр замын транзит тээврийн валютын орлогыг 35 хувийн урамшуулалтайгаар манай улс авсан юм билээ. Тэр хөрөнгө мөнгөөр Улсын их дэлгүүр, "Улаанбаатар" зочид буудлын гуравдугаар давхрыг, Их тэнгэрийн цогцолборыг бүхэлд нь барьсан. Энхтайваны гүүрийг бас барьсан гэж Д.Моломжамц гуай  хожим нэг удаа дурсан ярьсан байдаг” гэж УБТЗ-ын зөвлөх хөдөлмөрийн баатар ахмад төмөр замчин, УИХ-ын гишүүн асан  Р. Рааш ярьжээ. 


Энэ бол УБТЗ-ын олсон орлого нийслэл Улаанбатар хотын орчин үеийн өнгө төрхийг олоход асар их хувь нэмэр оруулсан болохыг гэрчилж байна. Нийслэлийг өнөөдөр Их дэлгүүр (номин), Энхтайваны гүүр, “Улаанбаатар” зочид буудалгүйгээр төсөөлөх боломжгүй. Эдгээр обьектыг босгоход хөрөнгийнх нь зарим эх үүсвэр төмөр замын транзит тээврийн орлого байжээ. Үүнийг одоо “УБТЗ-ын хаялга нийслэлд” гэж нэрлэхээс өөр арга алга. Энэ бол УБТЗ-ын өчигдрийн дүр төрх өгөөж нь.


Хүний “олсон олзноос олоогүй олз их байдаг” гэж ахмадууд сургасан байдаг.  Энэ ойлголтын хүрээнд  авч үзвэл УБТЗ-ын өнгөрсөн хугацаанд “олсон орлогоос ирээдүйд олох  орлого нь их байж таарна” гэж хэлж болох нь. Тэгэхээр УБТЗ-ын ирээдүйг өнөөдрийнхөөс илүү гэрэл гэгээтэйгээр төсөөлөж болох нь ээ. УБТЗ-ын өчигдөр өнөөдөр ирээдүйн тухайд ийм байна.

Холбоотой мэдээ