Замын-Үүдийн Гаалийнхан авлигалд өртсөн нь тогтоогдов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-03 14:28:43

АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын хэсэг ажилтнуудыг авилгын хэргээр баривчлан эрүү үүсгэж улмаар шүүхэд хэргийг нь шилжүүлэв. АТГ-ын Ажлын хэсэг тус газарт шалгалт хийснээр албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн хэмээн үзжээ. 

Гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах нь хангалтгүй, төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг зөвхөн 14 хоногийн дотор бэлтгэж байгаа зөрчил илэрчээ. Мөн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгосон. Тус газарт орон тооны илүүдэл байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж Авлигатай тэмцэх газраас үзэж байна. Дарга солигдох бүрт томилгоо хийдэг нь ч хэтэрчээ. Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт бусад импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйлчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээлэл өгдөггүй, уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангадаггүй. Тиймээс  үйлчлүүлэгч өөрийн төлж буй хураамжинд хяналт тавих боломжгүйгээс гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд ашиг унагагч “зууч" бий болсон зэрэг  дутагдлыг засч хариу өгөхийг АТГ-ын шаардлагад дурдсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ