Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-20 21:19:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/-өөс хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцөлийг эрт бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ.


Тухайлбал, дөрөвдүгээр сарын 16-ны оройноос эхлэн УЦУОШТ-ийн мэргэжилтнүүд Алтай Бороо-1, Алтай Бороо-2 экспедицүүд болон Төгрөг, Бугат, Тонхил, Баян-Уул, Жаргалан сумын хур тунадас нэмэгдүүлэх газрын генераторуудыг ашиглан үүлэнд нөлөөлж тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 17, 18-нд Есөнбулаг, Хөхморьт, Бигэр, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Шарга, Алтай суманд хур тунадас орлоо хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв. 


Үүлэнд зориудаар нөлөөлснөөр үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон хөрсөнд унах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ үйл явц амьтан, ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй болохыг Дэлхийн цаг уурын байгууллага тогтоожээ.


Холбоотой мэдээ