БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-21 20:44:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Тэрбээр "COVID-19" халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаад Элчин сайдад талархал илэрхийлээд: “Энэ цаг үед цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудал хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг давхар явуулах нь манай хоёр улсад аль алинд нь чухал байна. БНХАУ руу гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Өмнө нь зарим боомтоор өдөртөө 1500-1700 машин бүтээгдэхүүн гаргаж байсан бол яг өнөөдрийн байдлаар өдөртөө 100 орчим машин гарч байна. Тиймээс Элчин сайд таныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье” хэмээв.



Элчин сайд Цай Вэньруй “Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшинд тодруулбал хоёр орны хилийн боомт хооронд зохицуулалт хийснээр тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх боломжтой” хэмээгээд Монгол Улс нөхцөл байдалдаа тохируулан халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгааг Хятадын тал өндрөөр үнэлж, сайшааж байгааг уламжиллаа.


Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн "Дулаан мэдрэгч" хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисст хандивлав. "Дулаан мэдрэгч" камерын нэг тус бүрийн зах зээлийн үнэ 40 мянган ам.доллар буюу 110 сая төгрөг бөгөөд уг төхөөрөмжөөр нэг дор 15 хүний биеийн халууныг хэмжих боломжтой. Тус камерыг дэлхийн 100 гаруй орны нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглах болсон байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ