Н.Энхболд: Энхийг дэмжих ажиллагаанд инженерийн батальон бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүй байх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах шаардлагатай. Мөн орчин үед цахим кибер хандлага хурдтай нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох гэх мэт асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болсон гэж төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Засгийн 2019 оны 187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна. Мөн 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулсан бөгөөд ингэснээр цэргийн барилга, инженерийн анги, нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж үйл ажиллагаа нь хуулиар баталгаажна гэдгийг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцолсон.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ кибер аюулгүй байдлын нэгж байгуулж, хэрхэн ажиллуулах, олон улсын туршлагыг судалсан эсэхийг асуулаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Батлан хамгаалах салбар нь хөгжсөн улсад барилгын мэргэжлийн тусгай нэгжтэй, том төсөвтэй байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЗХЖШ-д бүтээн байгуулалтын нэгжийг гарган ажиллуулж байгаа бөгөөд МСҮТ-тэй хамтран 380 орчим хүнийг хүнд механизмын мэргэжлээр сургаад байна гэлээ. Кибер аюулгүй байдлыг хангахад олон улсын цэргийн байгууллага нь голлодог. Манай улс энэ төрлийн нэгжийг байгуулаад ажил нь эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн цэрэгтэй болох суурь нь тавигдсан. 2025 он гэхэд бусад улс орноос дутахааргүй кибер аюулгүй байдлаа хамгаалдаг бүтэц, боловсон хүчинтэй болно. Үүнд 18 орчим тэрбум төгрөгийн зардал гарах урьдчилсан тооцоо байна. Төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүйгээр гүйцэтгэх боломжтой хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд хэр зэрэг цалин авч байгааг тодруулав. Цаашлаад цэргүүд хуримтлал үүсгэж, 2-3 жил алба хаах боломж байгаа эсэхийг лавлав.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд хамгийн дээд талдаа өдрийн 70 мянган төгрөгийн цалин авч байна. Хоёр сая төгрөгөөс доошгүй цалин авах боломжтой. Мэргэжлийн ахлагч нар түлхүү ажиллаж байна. Цаашид хугацаат цэргийн алба хаагчийг гэрээтээр ажиллуулна. Мөн нарийн мэргэжлийн хүмүүсийг авах бодлого баримталж байна. Энэхүү бүтээн байгуулалтад мэргэжлээрээ ажиллах хүн хүсэлтээ гаргаад гэрээ байгуулан ажиллах боломж бий хэмээв.
Мөн тэрээр гишүүдийн асуултад хариулахдаа, Өнөөдрийн байдлаар, НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд инженерийн цэрэг оролцуулах хүсэлт манай улсад тавьсан. Энхийг дэмжих ажиллагааны бүтээн байгуулалтад оролцох нэгжийг бэлтгэж байна. Ингэхдээ бусад оронтой тогтоосон цэрэг, техникийн гэрээний хүрээнд хамтран бэлтгэж, инженерийн батальон байгуулах бэлтгэл хангаад байна гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж, тодруулан, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.