Өргөөгөөс Саппоро хүртэлх замын гол хэсэгт ногоон зурвас байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-25 20:10:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан Ард Аюушийн өргөн чөлөөний замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж буй ажилтай өнөөдөр танилцлаа. 


Олон жил сул шороон хөрстэй байсан тус замын гол хэсгийг тохижуулах ажлыг “Охь мандал” компани гүйцэтгэж байгаа бөгөөд тавдугаар сарын 15 гэхэд бүтээн байгуулж дуусна гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага барьж байгуулж байна.


Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2.2 км ногоон зурваст нийт 5,925 м.кв явган зам, 4,700 метр троссон хашлага хийгдэх бөгөөд 1,610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн 21,924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компани нь ногоон байгууламжийн арчлалт тордолгоог гурван жил бүрэн хариуцах аж.

Холбоотой мэдээ