Иран бусад орон руу эрүүл мэндийн хэрэгсэл экспортолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-27 15:53:41

ТЕХРАН. /IRNA/. Бид бусад орон руу эрүүл мэндийн хэрэгсэл экспортлоход бэлэн боллоо гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани ням гарагт болсон коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгдлээ.


"Иран хэрэглээнээсээ хэтэрсэн халдваргүйжүүлэх бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжтой болсон талаар би бусад орны төрийн тэргүүн нартай утсаар ярих үеэрээ хэлэхэд тэд гайхсан" гэж Х.Рухани хэлээд, бид цаашид эрүүл мэндийн өөр хэрэгслүүд болон оношлуурыг экспортлох хэмжээнд хүрч магадгүй гэж нэмж хэлжээ.


“Ираны эсрэг хоёр жилийн турш авсан хатуу хориг арга хэмжээнүүд манай улсыг туйлдуулсан гэж дайснууд бодож байгаа байх. Гэвч Ираны ард түмэн өөрсдөөс нь илүү цар тахлыг хязгаарлаж чадаж байгаа нь тэднийг гонсойлгож, уурыг нь хүргэж байна” гэж Ираны Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.


Х.Руханигийн мэдээлснээр, Ираны хот, мужуудад халдвар тархсан байдлыг харгалзан улаан, шар, цагаан бүсэд хуваасан бөгөөд Засгийн газар цагаан бүсүүд дэх шашны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаа ажээ.


Иранд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1153 шинэ тохиолдол бүртгэгдэж, 60 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур мэдээлжээ. Иранд энэ сарын 26-ны байдлаар 90481 хүн халдвар авснаас 5710 хүн нас барж, 69697 хүн эдгэрсэн бөгөөд 421313 хүнийг шинжилгээнд хамруулжээ. 


Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ