TikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 16 /BBC/. Мадрид хотод болсон хэлэлцээний үеэр АНУ, Хятадын төлөөлөгчид TikTok-ийн Америкт үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх асуудлаар анхны тохиролцоонд хүрсэн гэдгийг АНУ-ын Сангийн сайд Скотт Бенс мэдэгдлээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уг тохиролцоог баасан гарагт эцэслэх ажээ.
Хятадын ByteDance гарааны компани эзэмшдэг TikTok нийгмийн сүлжээ 2018 оны зунаас ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 150 улс оронд нэг тэрбум 500 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна. Тэдний ихэнх нь өсвөр насныхан юм.
Хэдийгээр тус компани TikTok-ийг олон улсын шинжтэй, Хятадын эрх баригчдаас хараат бус, интернэтийн эрх чөлөөний дэлхийн стандартыг дагаж мөрддөг, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалдаг хэмээн мэдэгдсээр ирсэн боловч хэд хэдэн оронд тус үйлчилгээг Хятадын тагнуулын албатай хамтран ажилладаг, Хятадын эрх баригчдын стратегийн хэрэгсэл гэж үздэг байна.
Хоригт орохоос зайлсхийхийн тулд Америк дахь үйл ажиллагааг нь хариуцах компанийг олохыг TikTok-ийн хятад эзэмшигчид санал болгожээ.
АНУ-ын Сангийн сайдын хэлснээр, TikTok-ийн асуудлаарх гэрээ нь хоёр улсын худалдааны дайныг зогсооход чухал алхам болж магадгүй байна. Тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-д олон арван сая хэрэглэгчтэй нийгмийн сүлжээг хаах эрсдэл нь Хятадын төлөөлөгчдийг худалдааны тарифыг бууруулах шаардлагаасаа татгалзахад хүргэсэн гэжээ.
Өнөөдрийг хүртэл Хятадын тал TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг өөр эзэмшигчид шилжүүлэх зайлшгүй нөхцөл нь худалдааны тарифыг бууруулах явдал гэж мэдэгдсээр иржээ.
Бессент хэлэхдээ, хэлэлцэн тохиролцсон худалдааны нөхцөлүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаална гэсэн байна.
Хятадын талаас худалдааны асуудлаарх хэлэлцээнд оролцож буй гол төлөөлөгч Ли Чэнган хэлэхдээ, БНХАУ-ын удирдлага уг тохиролцоог няхуур судална гэдгийг мэдэгдээд, бид өөрийн зарчим болон Хятадын компаниудын эрх ашигт харшлах алхам хийх бодолгүй байна гэж онцолсон байна.
Одоогийн байдлаар Америкийн хэвлэлүүд Мадрид дахь хэлэлцээний талаар ихэд болгоомжтой бичиж байгаа нь баасан гарагт өрнөх үйл явдлыг хүлээж буйтай холбоотой.