Түймэрт 8 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-28 10:00:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлага энэ 27-ны өдрийн 15:00 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 23:50 цагт цурманд оруулсан байна. Гал түймэрт 8 га талбай шатжээ.

Ой хээрийн түймэр гарч болзошгүй хуурайшилттай энэ цаг үед ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, түймрээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мэргэжлийн байгууллагаас зөвлөхдөө, "Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх"-ыг сануулсан юм. Мөн машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэл, зарлан мэдээллийн дуут дохиотой байхыг анхааруулав.

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд иргэн та Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй юм байна.

Холбоотой мэдээ