Цар тахлын үед эдийн засгийг тогтвортой байдлыг хангах тухай тогтоолыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-28 17:40:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 


Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID~19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.


Тогтоолын төсөлд эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. 


Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбогдуулан АНУ нь Холбооны Нөөцөөс 2.3 триллион ам. долларыг эдийн засагт нийлүүлэх, Европын Төв банкнаас 750 тэрбум еврог зөвшөөрөгдсөн хөрөнгийг худалдан авахаар гаргасан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс коронавирустэй тэмцэх зорилготой нэг удаагийн шинжтэй эрх бүхий байгууллагад эрх олгосон хуулийг баталсан. Олон улсын эдгээр туршлагыг харгалзан халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийн засгийг дэмжих арга хэмжээний агуулгыг энэ тогтоолын төслөөр тодорхойлсон гэлээ.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ