“Сэмжүүхэй” талхны цех хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-04-29 16:13:58

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Асрангуй” ХХК-ийн “Сэмжүүхэй” талхны цехээр орлоо.

Буриад талх, загасан талх, хоёрдугаар гурилын бор талх, бурамтай талх, савхан, чанамал боорцог, бүхэл үрийн жигнэмэг гээд наймаас есөн төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Тус компанийн захирал Б.Эрдэнээ таван жилийн өмнө эхнэр, туслах ажилтны хамт эл бизнесээ эхэлж байсан бол эдүгээ арваад ажлын байр буй болгож, Сүмбэр сумын нарийн боовны хэрэгцээний тодорхой хувийг хангадаг, хэрэглэгчдийн эрх ашгийг хангасан үйлдвэрлэгч болжээ.

Тус компанийхан Сүмбэр сумын хэрэглэгчдээс гадна Дорноговийн Даланжаргалан, Цомог баг, Дундговийн Баянжаргалан  зэрэг сумын дэлгүүр, хоршоонд бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг байна.

Анх байгуулагдахдаа 1.5 сая төгрөгийн гарааны зээл авч байсан бол дараа нь Хөдөлмөрийн хэлтсээс 20 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Зээлээ ч төлсөн аж.

Талх нарийн боовноос гадна бууз, баншны цех ажиллуулдаг гэнэ. Цаашдаа ажлын байраа томруулж, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар хөөцөлдөж байгаа аж.

Тус цех өдөртөө 600 гаруй талх, 200-300 кг боорцог үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүн нь өдөртөө зарагддаг байна. Талхаа 1000 төгрөгөөр худалддаг нь Улаанбаатарын үнээс хямд гэв.




Холбоотой мэдээ