Эрүүл мэндийн салбарынхан Говьсүмбэр аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-10 12:15:27

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг энэ оны зургаадугаар сарын 7-нд Говьсүмбэр аймагт ажиллав.

Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Г.Батзам хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, бусад ажлын талаар санал солилцсон байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж, тогтолцоог бэхжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах талаар ярилцсан аж.

Дээрх ажлын хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлж буй халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэгт хяналт хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт 100 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орж, тус аймагтай хиллэдэг дөрвөн аймгийн 10 гаруй сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч эхлээд байгаа юм. Учир нь тус аймагтай хиллэдэг бусад аймаг, сумдын иргэд Говьсүмбэрт хүүхдээ сургах, бизнес эрхлэх, шилжин суурьших тохиолдол элбэг байдаг аж.

Холбоотой мэдээ