Говьсүмбэр аймагт дулааны станц барих ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-05-31 13:45:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт 20 гкал/ц хүчин чадалтай дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах таван дэд төв, 7516 м дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулах ажлын шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд боллоо.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дулааны станц барих “МОН-14” төслийн хүрээнд тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” ХХК шалгарсан бол зураг төслийн ажлыг “Мон энержи консалт” ХХК гүйцэтгэжээ. Гүйцэтгэгч компани барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд барьж 2024 оны халаалтын улиралд хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна.

Аймгийн төвд буй технологи нь хуучирсан дулааны зуухыг буулгаж оронд нь дулааны станц, дулаан дамжуулах төв байгуулснаар тухайн бүс нутгийн дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгож, агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж  орон нутгаас  мэдээлэв.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон нутгийн иргэд оролцов.

Холбоотой мэдээ