Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-29 16:52:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав.


Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтжээ. 


Ташрамд дурдахад, Засгийн газраас Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд шинэ коронавирусний цар тахлын үед импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжихээр тусгаад байгаа юм. 


Товч мэдээ: 

-   Засгийн газрын хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.


-  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болголоо


-  Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

Холбоотой мэдээ